CITI БАНК АЛТНЫ ҮНИЙН ТААМГАА 3500 АМ.ДОЛЛАР БОЛГОН ӨСГӨВ
Citi банк сүүлийн үед гаалийн тариф нэмэгдэж, геополитикийн эрсдэл өндөр байгаатай холбогдуулан алтны богино хугацааны үнийн таамгаа унц тутамд 3500 ам.доллар болгон нэмэгдүүллээ. Энэ нь тус банкны тавдугаар сарын 12-нд гаргасан 3000–3300 ам.доллар гэсэн өмнөх төсөөллөөс дээшилсэн үзүүлэлт юм.
Тус банкны шинэ таамаглалаар, алтны ханш 2025 оны хоёрдугаар хагаст 3100–3500 ам.долларын хооронд хэлбэлзэх тогтворжилтын үе рүү орно гэж үзэж байна. Гэсэн хэдий ч Citi урт хугацааны төлөвт болгоомжтой хандаж, алтны хэт их хуримтлал үүсэх болон эдийн засгийн өсөлтийг хязгаарлах эрсдэл буурах магадлалтайг анхааруулсаар байна. Өрхүүдийн алт эзэмшил сүүлийн 50 жилийн хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа нь ирээдүйн худалдан авалтын орон зайг хумиж болзошгүй аж.
Citi банкны зүгээс алтны үнийн таамгийг 3500 ам.долларт хүргэн өсгөхөд нөлөөлсөн гол шалтгаан нь АНУ-аас Европын Холбооны эсрэг зургаадугаар сараас хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан 50 хувийн шинэ тарифын сүрдүүлэг байв. Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ням гарагт уг тарифыг долдугаар сарын эхэн хүртэл нэг сараар хойшлуулах саналыг хүлээн зөвшөөрсөн ч энэ нь зах зээлд тодорхой хэмжээний эрсдэлийг бий болгосон юм.
Citi анх 2023 оноос хойш алтны ханшийн өсөлтөд эерэг хандлагатай байсан бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сард анх удаа 3500 ам.доллар гэсэн зорилтот ханшийг зарлаж байв. Энэхүү дээд ханшид хүрэх боломж дөрөвдүгээр сарын 22-нд Холбооны Нөөцийн Банкны хараат бус байдалтай холбоотой эргэлзээ үүссэний улмаас түр хугацаанд саарсан билээ.
Харин худалдааны хурцадмал байдал түр намжиж эхэлсэнтэй зэрэгцэн Citi алтны ханшид тогтворжилт хэрэгтэй гэж үзэж, үнийн зорилтоо богино хугацаанд 3150 ам.доллар болгон бууруулж байсан бөгөөд энэ түвшинд тавдугаар сарын 15-нд хүрсэн юм.
Одоогийн байдлаар дэлхий даяарх нийт ДНБ-ий 0.5 хувь нь алтад зарцуулагдаж байгаа нь сүүлийн хагас зуун жилд тохиогоогүй өндөр үзүүлэлт юм. Үүний шалтгааныг Citi дараах байдлаар тайлбарлаж байна:
- Гадаад, дотоод эргэлзээ, тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулагчдыг "аюулгүй хөрөнгө" болох алт руу хандахад хүргэж байна.
- Энэтхэг, Хятад зэрэг томоохон зах зээлүүдэд эдийн засгийн гүн хямрал хараахан нүүрлээгүй тул үнэт эдлэлийн эрэлт өндөр хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй