АНУ: Хормузын хоолойг хаалгахгүй байх даалгаврыг Хятадад өгөв
АНУ-ын зүгээс Ираны цөмийн байгууламжид агаарын цохилт өгсний дараа Ойрх Дорнодод хурцадмал байдал дээд цэгтээ хүрлээ. Иран хариу арга хэмжээ болгон дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн гол судас болсон Хормузын хоолойг хааж болзошгүйг анхааруулсны дараа АНУ Хятад улсад хандан дипломат алхам хийхийг ятгав.
АНУ-ын уриалга:
АНУ-ын Сенаторч Марко Рубио* "Хятад улс бол Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч бөгөөд эрчим хүчний импортынхоо дийлэнхийг энэ хоолойгоор тээвэрлэдэг. Тиймээс өөрийн эдийн засгийн эрх ашгийг хамгаалах үүднээс Ираныг тогтвортой байдалд уриалах онцгой үүрэгтэй" гэж мэдэгдлээ.
Дэлхийн эдийн засагт нүүрлэх аюул:
Хормузын хоолой нь Персийн булангаас дэлхийн зах зээлд газрын тос нийлүүлэх стратегийн хамгийн чухал зангилаа юм. Өдөрт дунджаар 20 сая баррель газрын тос буюу дэлхийн нийт хэрэглээний 20 орчим хувь нь энэ усан замаар дамждаг.
Хэрэв хоолой хаагдвал дэлхийн эдийн засагт гүн хямрал нүүрлэж, газрын тосны үнэ богино хугацаанд 100 ам.доллароос давж огцом өснө гэж "Goldman Sachs" зэрэг олон улсын шинжээчид анхааруулж байна.
Цаашдын төлөв:
Ираны парламент хоолойг хаах санаачилгыг дэмжиж байгаа ч эцсийн шийдвэрийг тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гаргах юм. Хэрэв Иран ийм алхам хийвэл АНУ болон түүний холбоотнуудын зүгээс цэргийн хариу арга хэмжээ авах нь гарцаагүй бөгөөд энэ нь бүс нутгийн зөрчилдөөнийг улам хурцатгах аюултай юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй