Хятадын үйлдвэрлэл агшиж байна
Хятадын үйлдвэрлэлийн идэвх 6 сард дахин суларснаар 3 дахь сардаа агшилт үргэлжиллээ. Үндэсний статистикийн газрын мэдээлснээр худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 49.7 болсон нь өмнөх сарын 49.5-аас бага зэрэг өссөн ч өсөлт, тэлэлтийг илтгэдэг 50-ын босгыг давсангүй.
Энэ нь АНУ-тай өрнөсөн худалдааны маргаан намжиж эхэлсний дараах анхны бүтэн сарын барометр бөгөөд дэлхийн хоёр дахь том эдийн засгийн сэргэлт удаашралтай хэвээр байгааг харуулж байна.
Гол үзүүлэлтүүд:
-
Дотоод эрэлт сэргэсэн ч экспортын эрэлт сул хэвээр: Хэдийгээр шинэ захиалгын индекс 50.2 болж нэмэгдсэн нь дотоод эрэлт сэргэж буйг илтгэж байгаа ч, шинэ экспортын захиалгын дэд индекс 6 сард 49.7 болж, өсөлтийн бүсэд шилжиж чадсангүй. Энэ нь гадаад эрсдэлийг бууруулах нөхцөл бүрдээгүйг харуулж байна.
-
Үйлчилгээ, барилгын салбар эерэг үзүүлэлттэй: Харин үйлчилгээ болон барилгын салбарын идэвхийг хэмждэг үйлдвэрлэлийн бус PMI 50.5 болж өссөн нь эдгээр салбарын өсөлт бага боловч эерэг чиглэлтэй байгааг илтгэлээ.
Цаашдын төлөв ба шинжээчдийн дүгнэлт
Эдийн засгийн энэхүү үзүүлэлтүүдэд Засгийн газар сэтгэл хангалуун байгаа ч үл хөдлөх хөрөнгийн зах зээл удааширч, хөдөлмөрийн зах зээлд сорилт үргэлжилж байгаа нь жилийн хоёрдугаар хагаст тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй гэж дүгнэжээ.
-
“Capital Economics”: Төсвийн дэмжлэг буурч, гадаад худалдааны өсөлтийн нөлөө хязгаарлагдмал хэвээр байгаа нь эдийн засгийн идэвхийг цаашид хумих магадлалтай гэж үзжээ.
-
“Goldman Sachs”: Ирэх долдугаар сард болох Коммунист намын Улс төрийн товчооны хуралдаанаар өргөн хүрээтэй эдийн засгийн өдөөлт зарлагдахгүй, харин орон сууц болон хөдөлмөрийн зах зээлд чиглэсэн илүү зорилтот дэмжлэг үргэлжлэх хандлагатай байна гэж дүгнэсэн байна.
Бээжин 2025 онд эдийн засгийн өсөлтийг 5 орчим хувьд хүргэхээр зорьж байгаа юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд мөнгөний уян хатан бодлого хэрэгжүүлэх шаардлага үүсэж болзошгүй гэж шинжээчид онцолж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй