АНУ, Канадын худалдааны харилцаа сэргэсэн нь индексүүдийг өсгөв
2025 оны 6 сарын сүүлийн өдрийн арилжаанд хөрөнгийн зах зээл эерэг үзүүлэлттэй байлаа. Үүний гол шалтгаан нь Канад улс АНУ-тай худалдааны хэлэлцээрээ сэргээхийн тулд дижитал үйлчилгээний татвараа цуцалсантай холбоотой юм. Даваа гарагт эхлэх байсан уг татварыг Google, Meta, Amazon зэрэг томоохон технологийн компаниудад ногдуулах байв.
Худалдааны хурцадмал байдал намжсан нь
Энэхүү үйл явдлын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ Канадтай хийх бүх худалдааны хэлэлцээрийг цуцалж байна” хэмээн мэдэгдсэнээр хоёр орны харилцаа хурцдаад байсан юм.
АНУ-ын 90 хоногийн тарифын “завсарлага” энэ долоо хоногийн сүүлээр дуусах тул хөрөнгө оруулагчид худалдааны шинэ гэрээ зарлагдах эсэхийг анхааралтай ажиглаж байна. Өчигдөр Сангийн сайд Скотт Бессент мэдэгдэхдээ:
“Зарим улс орнууд шударгаар хэлэлцэж байна. Харин уян хатан бус хандвал тарифыг өмнөх түвшинд буцаах магадлалтай” хэмээв.
Зах зээлийн гол үзүүлэлтүүд
Зах зээлийн хувьд хоёрдугаар улиралд томоохон өсөлт үзүүллээ.
-
S&P 500 индекс 10%-иар өссөн
-
Nasdaq индекс 18%-иар өссөн
-
Dow Jones индекс 5%-иар тус тус өссөн
Зургадугаар сард дангаараа S&P 500 бараг 5%, Nasdaq 6%-иар өсөж, индексүүд түүхэн дээд түвшиндээ хүрсэн байна.
Шинжээчдийн дүгнэлт
АНУ-ын “U.S. Bank Wealth Management”-ийн хувьцааны стратегич Терри Сандвен “Инфляц тогтвортой, хүүгийн түвшин тогтмол, орлогын өсөлт тогтворжиж байгаа нь хөрөнгийн зах зээлд эерэг орчин бүрдүүлж байна” хэмээн онцлов.
Тэрээр S&P 500 индексийн жилийн эцсийн зорилтот түвшнийг $6,325 гэж тодорхойлсон нь өнөөгийн түвшнээс ойролцоогоор 2%-ийн өсөлттэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй