АПУ ХК 69.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэв
Монголын хөрөнгийн зах зээлд тогтвортой ногдол ашиг олгогчдын нэг АПУ ХК (MSE:APU) нь 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 65.0 төгрөг, нийт 69.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэснээ зарлалаа. Энэхүү ногдол ашгийн хэмжээ нь 2023 оны сүүлийн хагаст олгосон түвшинтэй ижил байгааг компани онцлов.
Тус компани 2020 оноос хойш жилд хоёр удаа ногдол ашиг олгох бодлогыг тогтмол баримталж ирсэн бөгөөд энэ удаагийнх нь 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгийн 70.8%-тай тэнцэж байна. Энэ нь АПУ ХК-ийн хувьд хөрөнгө оруулагчдадаа урт хугацааны өгөөж бий болгох, компанийн ашгийг хуваарилах зарчимдаа үнэнч буйг илтгэнэ.
Тайлант хугацаанд тус компани нийт 652.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 97.6 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тогтвортой өсөлттэй үзүүлэлт юм. Ашигт ажиллагаа өндөр байгаа нь дотоодын хэрэглээ болон экспортын орлого тогтвортой байгааг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй