Трамп: Хагас дамжуулагчийн импортод шинэ тариф тогтооно
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хагас дамжуулагч болон чипний импортод зориулсан шинэ тарифын төлөвлөгөөг ирэх долоо хоногт зарлахаа мэдэгдлээ.
“Бид хагас дамжуулагч, чиптэй холбоотой тусдаа тарифын шинэчлэл зарлах гэж байна. Учир нь бид эдгээрийг АНУ-д үйлдвэрлэхийг хүсэж байна” хэмээн тэрээр онцлов. Шинэ тарифын дэлгэрэнгүй мэдээлэл хараахан тодорхойгүй байгаа ч уг шийдвэрийг "ирэх долоо хоногийн дотор" танилцуулахаа мэдэгдлээ.
Дэлхий даяар хагас дамжуулагч болон микрочипийн эрэлт огцом нэмэгдэж, эдийн засгийн бараг бүх салбарт, ялангуяа хиймэл оюун ухааны (AI) хөгжилд нэн чухал ач холбогдолтой болоод байна.
Гэвч дэлхийн хамгийн дэвшилтэт чипүүдийн ихэнх нь Тайваньд үйлдвэрлэгддэг. Тухайлбал, Тайваньд төвтэй TSMC (Taiwan Semiconductor Manufacturing Company) нь Apple, Nvidia, Qualcomm, AMD зэрэг АНУ-ын технологийн тэргүүлэгч компаниудын гол нийлүүлэгч юм.
Энэхүү мэдэгдэл нь Тайванийн бусад бүтээгдэхүүнд ногдуулсан тариф энэ долоо хоногоос эхлэн 20% болж буй үетэй давхцаж байна. Энэ нь өмнө анхааруулж байсан 32%-иас бага ч томоохон нөлөө бүхий алхам юм.
Энэхүү шинэ тариф нь АНУ-ын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой боловч Тайвань зэрэг гол түнш орнуудтай хийх худалдааны маргааныг гүнзгийрүүлэх эрсдэлтэй. Хагас дамжуулагч нь хиймэл оюун ухаан, ухаалаг төхөөрөмж, батлан хамгаалах салбарт стратегийн ач холбогдолтой тул уг шийдвэр технологийн салбар болон хөрөнгө оруулагчдад хүчтэй нөлөөлөх нь дамжиггүй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй