SMCI-ийн тайлан хүлээлтэд хүрсэнгүй, хувьцаа 15%-иар уналаа
Сервер үйлдвэрлэгч Super Micro Computer (SMCI) компанийн хувьцаа 15%-иар огцом уналаа. Энэ нь компанийн 2025 оны санхүүгийн дөрөвдүгээр улирлын тайлан зах зээлийн хүлээлтэд хүрээгүй, мөн ирээдүйн орлого, ашгийн төлөв тааруу гарсантай холбоотой юм.
Тайлангийн гол үзүүлэлтүүд (2025 оны IV улирал):
- Нэгж хувьцааны ашиг (EPS): 0.41 ам.доллар (хүлээлт: 0.44 ам.доллар)
- Орлого: 5.76 тэрбум ам.доллар (хүлээлт: 5.89 тэрбум ам.доллар)
- Цэвэр ашиг: 195.2 сая ам.доллар (өмнөх оны мөн үед 297.2 сая ам.доллар байсан)
Компанийн удирдлага ашгийн бууралтыг Ерөнхийлөгч Трампын шинэ тарифын бодлогын нөлөө хэмээн тайлбарлалаа. Гүйцэтгэх захирал Чарльз Лианг “Бид энэ нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд үр дүн удахгүй гарах болно” хэмээн онцолсон юм.
2023 оноос хойш Super Micro-ийн Nvidia чип ашигладаг дата төвийн серверүүд хиймэл оюун ухааны (AI) эрэлтийг даган огцом өсөлт үзүүлж байсан ч, энэхүү өсөлтийн хурд сүүлийн улиралд саарчээ.
Сануулахад, Super Micro компани нь өмнө нь санхүүгийн тайлангаа хугацаандаа гаргаагүй, дотоод аудитын асуудалтай байснаас болж Nasdaq биржээс хасагдах эрсдэлтэй тулгарч байсан билээ. Хэдийгээр тус компани энэ сорилтыг даван туулж, AI-ийн тэсрэлтийн үеэр од болон гялалзсан ч, сүүлийн үеийн үзүүлэлтүүд нь дахин сорилттой нүүр тулж буйг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй