АНУ-ын ЗГ Intel-ийн 10%-ийн хувьцааг эзэмшиж эхэллээ
АНУ-ын Засгийн газар чип үйлдвэрлэгч Intel компанийн 10%-ийн хувьцааг эзэмших нь батлагдлаа. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын үед төрөөс хувийн хэвшилд тавих хяналт нэмэгдэж буйг харуулж байна.
Хэлцлийн санхүүгийн дүн
Хэлцлийн хүрээнд Засгийн газар нийт 8.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 433 сая гаруй ширхэг хувьцааг нэг бүрийг нь 20.47 ам.доллароор авчээ.
Энэ нь зах зээлийн ханшаас доогуур байгаа юм. Одоогоор эдгээр хувьцааны үнэ ойролцоогоор 11 тэрбум ам.долларт хүрчээ.
Санхүүжилтийн эх үүсвэр ба нөхцөл
Энэхүү санхүүжилтийн ихэнх хэсгийг буюу 5.7 тэрбумыг өмнө нь батлагдсан ч хараахан олгогдоогүй байсан CHIPS Act-ийн буцалтгүй тусламжаас гаргасан бол үлдсэн 3.2 тэрбумыг “аюулгүй чип үйлдвэрлэл”-ийн тусгай хөтөлбөрөөс гаргажээ. Засгийн газар нэмэлт 5%-ийн хувьцаа авах эрхтэй болсон ч компанийн удирдлагад оролцохгүй, ТУЗ-д суудал авахгүй юм байна.
Талуудын байр суурь
Ерөнхийлөгч Трамп энэ хэлцлийг “АНУ-д Intel-д ч ашигтай” гэж тодорхойлсон бол Intel-ийн Гүйцэтгэх захирал Лип-Бу Тан “Бид Америкт хамгийн дэвшилтэт технологийг бүтээх болно” гэж мэдэгдэв.
Бусад хөрөнгө оруулалт ба өрсөлдөөн
Intel сүүлийн үед төрөөс төдийгүй хувийн хөрөнгө оруулагчдаас ч томоохон дэмжлэг авч байгаа юм. Тухайлбал, саяхан Японы SoftBank 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан нь компанийн нийт хувьцааны 2%-тай тэнцэж байна.
Гэсэн ч Intel хамгийн том өрсөлдөгч болох Тайванийн TSMC-ээс технологийн хувьд хоцрогдсон гэх үнэлгээтэй байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй