Nvidia Хятадын өрсөлдөөний хуулийг зөрчлөө
Хятадын зах зээлийн зохицуулагч байгууллага Даваа гарагт АНУ-ын чип үйлдвэрлэгч Nvidia (NASDAQ:NVDA)-д хийж буй шалгалтаа сунгахаа мэдэгдлээ. Урьдчилсан шалгалтаар Nvidia компани Хятад улсын өрсөлдөөний хуулийг зөрчсөн нь тогтоогдсон хэмээн тэд мэдэгдсэн байна.
Уг шалгалт нь Nvidia-ийн 2020 онд Израилийн чип зохион бүтээгч Mellanox Technologies-ийг худалдан авсан үйл ажиллагаанд төвлөрч байгаа бөгөөд тухайн үед Бээжин тодорхой нөхцөлтэйгөөр уг нэгдлийг зөвшөөрсөн юм. Гэвч Калифорнид төвтэй энэ компани тавигдсан шаардлагуудыг биелүүлээгүй гэж үзэж байна. Энэхүү мэдээ гарсны дараа Nvidia-ийн хувьцаа Даваа гарагт 2 гаруй хувиар унав.
Энэ үйл явдал нь АНУ, Хятадын төлөөлөгчид худалдааны зөрчилдөөнтэй холбоотой хэлэлцээр хийхээр Испанийн Мадрид хотод уулзаж буй үеэр тохиолоо. Эхний шатны яриа Ням гарагт болж, АНУ-аас Худалдааны төлөөлөгч Жамисон Грир, Сангийн төлөөлөгч Бессент нар, харин Хятадаас Дэд ерөнхий сайд Хэ Лифэн болон ахлах төлөөлөгч Ли Чэнган нар оролцжээ. Хэлэлцээр Испанийн Гадаад хэргийн яаманд зургаан цаг үргэлжилсэн байна.
Энэ нь талуудын дөрөв дэх удаагийн уулзалт бөгөөд тариф болон стратегийн түүхий эдийн хангамжийн асуудлаарх зөрчлийг намжаах зорилготой юм. Долдугаар сард Стокгольмд хоёр тал 90 хоногийн хугацаатай түр эвлэрэл хийж, өндөр хариу тарифаа зөөлрүүлж, Хятадаас АНУ руу ховор элемент нийлүүлэх урсгалыг сэргээхээр тохирсон.
Ерөнхийлөгч Дональд Трамп одоогийн дундаж 55%-ийн тарифыг арваннэгдүгээр сарын 10 хүртэл сунгахыг зөвшөөрсөн хэвээр байна. Хэлэлцээр үргэлжилж байгаа ч худалдааны дарамт хэвээр үлдэж байгаа юм. Хэлэлцээрийн хүрээнд TikTok-ийн асуудал болон Бээжингийн Оросын нефть худалдан авалт зэрэг асуудлууд ч багтаж байна.
Өнгөрсөн сард Nvidia Хятадын зах зээлд зориулсан H20 чипүүдийн үйлдвэрлэлийг зогсоохыг зарим ханган нийлүүлэгчдэдээ хүссэн гэж The Information мэдээлэв. Энэ нь Хятад дотоодын компаниудад эдгээр процессоруудыг худалдаж авахыг зогсоох чиглэл өгсний дараах алхам байжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй