Nvidia, Intel-д $5 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр боллоо
NVIDIA компанийн гүйцэтгэх захирал Жэнсен Хуанг Intel-д 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар болсныг зарлалаа. Хоёр технологийн аварга компани бараг нэг жилийн турш үргэлжилсэн хэлэлцээрийн эцэст тохиролцоонд хүрч, дата төв болон хувийн компьютерийн зах зээлд зориулсан хиймэл оюун ухааны (AI) систем, CPU ба GPU-г нэгтгэсэн чипүүдийг хамтран хөгжүүлэхээр болсон байна.
Энэхүү түншлэлийн хүрээнд Intel-ийн ирэх үеийн компьютер болон зөөврийн компьютерын CPU-д NVIDIA-ийн график чипийг нэгтгэх юм. Ингэснээр NVIDIA нь Intel-ийн томоохон хэрэглэгч болохын зэрэгцээ өөрийн тэргүүлэгч GPU технологийг Intel-ийн бүтээгдэхүүнүүдэд нийлүүлэхээр төлөвлөж байна.
Энэхүү хамтын төсөл нь нийтдээ 50 тэрбум ам.долларын үнэлгээтэй зах зээлийг хамарна. Одоогоор NVIDIA-ийн зах зээлийн үнэлгээ 4.25 их наяд ам.долларт хүрсэн бол Intel компанийн үнэлгээ 143 тэрбум ам.доллартай байгаа нь хиймэл оюун ухааны эрин үед хоёр компанийн байр суурь хэрхэн өөрчлөгдсөнийг харуулж байна. Intel сүүлийн жилүүдэд AI чипийн өрсөлдөөнд хоцорсон ч шинэ удирдлагын дор зардлаа танаж, хөрөнгө татах, NVIDIA-тай стратегийн түншлэл байгуулах замаар дахин хүчтэй тоглогч болохыг зорьж байна.
Intel АНУ-ын засгийн газраас 8.9 тэрбум ам.долларын дэмжлэг авснаас гадна SoftBank болон бусад хөрөнгө оруулагчаас нэмэлт санхүүжилт татсан. Гэвч компани хангалттай томоохон үйлдвэрлэгч хэрэглэгч татаж чадахгүй бол үйлдвэрлэлийн бизнесээ цаашид үргэлжлүүлэх эргэлзээтэй хэвээр байна.
Энэхүү 5 тэрбум ам.долларын түншлэл нь зөвхөн NVIDIA болон Intel компаниудын хувьд төдийгүй АНУ-ын өндөр технологийн салбарын өрсөлдөх чадварт чухал алхам болж байна. NVIDIA хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч байр сууриа бататгаж, харин Intel зах зээл дээр эргэн байр сууриа бэхжүүлэх боломж олж авлаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй