АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа зогслоо
АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа албан ёсоор зогслоо. Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхан байр сууриа хадгалсаар, засгийн газрын санхүүжилтийг сунгах оролдлого гурав дахь удаагаа бүтэлгүйтсэнээр ийнхүү үйл ажиллагаа доголдсон байна.
Засгийн газрын үйл ажиллагааны доголдол
Засгийн газрын агентлагууд зайлшгүй шаардлагатай үйл ажиллагаанаас бусдыг зогсоохоос өөр аргагүй болж байгаа нь улс даяар олон төрлийн үйлчилгээнд саатал үүсгэх төлөвтэй байна. Үүнд агаарын хөдөлгөөний хяналт, гамшгийн тусламж үйлчилгээ зэрэг чухал салбарууд багтаж байгаа юм.
Сенатын санал хураалт
Лхагва гарагт Сенат Бүгд найрамдахчуудын дэвшүүлсэн, 7 долоо хоногийн санхүүжилтийг сунгах хуулийн төслийг 53:45 саналын харьцаагаар буцаасан. Энэхүү хуулийн төсөл батлагдахын тулд дор хаяж 60 санал хэрэгтэй байсан юм. Энэ нь уг төслийг Сенатад хэлэлцүүлсэн гурав дахь оролдлого байсан бөгөөд есдүгээр сарын дундаас хойш дахин дахин бүтэлгүйтэж байна.
Ардчилсан намын сенаторууд бараг бүгдээрээ эсэргүүцсэн бөгөөд зөвхөн Пенсильванийн Жон Феттерман, Невадагийн Кэтрин Кортез Масто болон Ардчилсан намын талд зогсдог бие даагч Мэйн мужийн Ангус Кинг нар дэмжиж санал өгчээ. Харин Бүгд найрамдахчуудын дундаас Кентакки мужийн сенатор Рэнд Пол ганцаараа эсрэг байр суурьтай байв.
Эдийн засагт үзүүлэх нөлөө
Ирэх Баасан гарагт гарах ёстой nonfarm payrolls буюу хөдөө аж ахуйн бус салбарын ажил эрхлэлтийн тайлан ч гэсэн энэхүү хаалтын улмаас хойшлогдох төлөвтэй байна. Энэ нь улсын эдийн засгийн байдлын талаарх чухал мэдээллийг хойшлуулж, тодорхойгүй байдлыг нэмэгдүүлнэ.
Улс төрийн мухардал
Өмнө нь Мягмар гарагт Ардчилсан намын дэмжсэн өөр нэг санхүүжилтийн хуулийн төсөл мөн Сенатад няцаагдсан. Харин Бүгд найрамдахчуудын дэвшүүлсэн хувилбар нь есдүгээр сард Төлөөлөгчдийн танхимаар батлагдсан ч Сенатад урагш ахиагүй юм.
Энэхүү мухардлын гол шалтгаан нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон даатгалын санхүүжилтийн асуудал болоод байна. Ардчилсан нам энэ асуудлыг заавал төсөвт хамруулахыг шаардаж байгаа бол Бүгд найрамдахчууд үүнийг тусад нь, дараа нь хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Энэхүү үл ойлголцол нь АНУ-ын улс төрийн тавцан дахь гүнзгий хуваагдлыг тод харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй