Рэй Далио: Зах зээл 1970 оны эхэн үетэй адил байгаа тул алтны багцаа нэмэх ёстой
2025 онд алтны үнэ түүхэндээ анх удаа унц нь 4,000 ам.долларыг давж, жилийн дүнд 50 гаруй хувиар өслөө. Энэ нь дэлхийн өрийн дарамт, төсвийн алдагдал, геополитикийн хурцадмал байдлаас үүдэлтэй “аюулгүй хөрөнгө рүү дүрвэх” хандлагатай холбоотой юм.
Тэгвэл өчигдөр болсон Greenwich Economic Forum-ын үеэр Bridgewater Associates-ийн үүсгэн байгуулагч Рэй Далио, хөрөнгө оруулагчдыг нийт хөрөнгийхөө 15 орчим хувийг алтад байршуулбал эрсдэлээ тэнцвэржүүлнэ гэж зөвлөв.
Хөрөнгө оруулалтын зөвлөхүүд алт болон бусад түүхий эдийг портфелийн маш бага хэсэгт 1–3 хувьд зөвлөдөг бол Далио илүү өндөр хувийг санал болгож байна.
Тэрээр өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг 1970 оны эхэн үеийн инфляц, өрийн өсөлт, төрийн зардал нэмэгдсэн үетэй адил гэж үзэж байна.
Тиймээс мөнгө болон өрийн хэрэгсэл нь үнэ цэнээ алдаж, найдвартай хадгаламж болж чадахгүй тул алтыг хамгийн сайн хамгаалалт гэв.
Түүний байр суурь нь уламжлалт 60/40 буюу хөрөнгийн 60 хувийг хувьцаанд, 40 хувийг бондод байршуулах стратегитай зөрж байгаа юм.
Түүнээс гадна DoubleLine Capital-ийн Гүйцэтгэх захирал Жеффри Гундлах ч алтны үнэ инфляц болон ам.долларын сулралын нөлөөгөөр өсөх тул хөрөнгө оруулагчдад алтны жинг 25 хүртэл хувьд хүргэхийг зөвлөжээ.
Дэлхийн хамгийн нэр хүндтэй хөрөнгө оруулагчдын байр суурь ижил байгаа нь алтыг өнөөгийн эдийн засгийн тодорхойгүй, өрийн дарамт ихтэй нөхцөлд хамгийн найдвартай хамгаалалт болгож байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй