“Стэйблкойн”-ийг үндэсний төлбөрийн хэрэгсэл болгох боломжийг судлана
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлд үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчин, зохицуулалтыг боловсронгуй болгохоор зорьж байна.
Мөн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, “Стэйблкойн”-ийг төлбөрийн хэрэгсэл болгох боломжийг судалж, олон улсын зарчмын дагуу хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхээр болжээ.
“Стэйблкойн” нь блокчэйн технологид суурилсан олон улсын гүйлгээг хурдан, хямд өртгөөр гүйцэтгэх, худалдаа ба мөнгөн шилжүүлгийн саадыг бууруулах давуу талтай юм.
Дэлхийн “Стэйблкойн”-ийн зах зээл 2025 оны хагас жилийн байдлаар 252 тэрбум ам.долларт хүрч, USDT (Tether) 68%-ийг эзэлж байна.
Бразил, Венесуэль, Мексик зэрэг улс аль хэдийн нэвтрүүлсэн бол Хонгконг, Япон 2025 онд холбогдох хуулиа баталжээ.
Монголбанкны хувьд “Стэйблкойн”-ий эдийн засагт үзүүлэх нөлөө, хэрэглэгчийн хүртээмж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг хамарсан суурь судалгааг хийх юм байна.
Хэрэгжүүлэх гол арга хэмжээ:
- Үндэсний төлбөрийн системийн журам, дүрмийг шинэ технологид нийцүүлэх
- Банк хоорондын нэхэмжлэлийн гүйлгээг нэвтрүүлэх
- Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчдэд газар дээрх болон зайны хяналт шалгалт тогтмол хийх
- Хэрэглэгчийн гомдол, зөрчлийг шалгах
- “Стэйблкойн”-ийн эрсдэлийн үнэлгээ, хэрэглэгчийн хамгаалалт, системийн аюулгүй байдлын судалгаа боловсруулж, туршилтын төслийг эхлүүлэх
Монголбанк төлбөрийн системийн эрх зүйн орчныг шинэчлэх, цахим шилжилттэй уялдуулан дэд бүтцийг сайжруулах, “Стэйблкойн”-ийг судлан турших ажлыг эхлүүлэх нь цахим эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх чухал алхам байх болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй