AMD (NASDAQ:AMD) 10%-иар өсөв
Чип үйлдвэрлэгч AMD (NASDAQ:AMD) компани ирээдүйн өсөлтийн зорилтуудаа танилцуулсны дараа хувьцааны үнэ нь 10%-иар огцом өсөж, хиймэл оюун ухааны (AI) чипийн зах зээлд Nvidia-тай өрсөлдөх чадвартай гэдгээ баталлаа. Аравдугаар сарын эхнээс хойш тус компанийн хувьцаа 16%-иар өссөн бөгөөд энэ нь OpenAI-тай байгуулсан олон жилийн гэрээтэй холбоотой юм. Энэхүү гэрээ нь AMD-д жилд хэдэн арван тэрбум ам.долларын орлого авчрах боломжтойг онцолж байна.
AMD-ийн Гүйцэтгэх захирал Лиза Сугийн мэдээлснээр, хамгийн сүүлийн үеийн AI загваруудыг ажиллуулах зайлшгүй шаардлагатай дата төвийн процессорын зах зээл 2030 он гэхэд 1 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна. Энэхүү хурдацтай өсөж буй зах зээлд AMD ирэх таван жилд дата төвийн жилийн орлогоо 100 тэрбум ам.долларт хүргэж, ашгаа гурав дахин нэмэгдүүлэх өндөр зорилт тавьжээ.
Удаах таван жилийн өсөлтийн төлөвлөгөө
Тус компани дараагийн 3-5 жилд орлогын жилийн нийлмэл өсөлтийг (CAGR) 35%-иас дээш, ашигт ажиллагааг 35%-иас давуулах, нэгж хувьцааны орлогыг (EPS) 20 ам.доллараас дээш болгох төлөвлөгөөгөө танилцуулсан. Лиза Су мөн AMD нь AI чадавхаа нэмэгдүүлэхийн тулд "M&A machine" байгуулж, жижиг программ хангамжийн компаниудыг худалдан авахаар зорьж байгааг онцолжээ.
"AMD нь өндөр гүйцэтгэлтэй тооцоолол болон AI-ийн дараагийн үеийг чиглүүлэх чадамжтай компани юм. Манай хүчирхэг технологи, түншүүдтэйгээ байгуулсан гүн холбоо биднийг өсөлтийн шинэ эрин рүү хөтөлж байна" хэмээн Лиза Су мэдэгдэв.
Дата төв, AI болон тоглоомын салбарт тэргүүлэх зорилтууд
2026 онд гарах дараагийн үеийн MI400 цуврал AI чипийн өмнөхөн AMD дата төвийн бизнесээ улам идэвхжүүлж байна. Тэд дата төвийн орлогоо жилд 60 гаруй хувиар өсгөж, сервер CPU-ийн зах зээлийн 50%-иас дээш хувийг эзлэх, дата төвийн AI орлогыг 80%-иас дээш өсгөх зорилттой.
Мөн Instinct MI350 цуврал GPU нь Oracle Cloud Infrastructure зэрэг гол үүлэн үйлчилгээ үзүүлэгчдэд өргөн ашиглагдаж, компанийн түүхэн дэх сайн бүтээгдэхүүн болж байгааг онцоллоо. Тоглоомын салбарт AMD клиент чипийн зах зээлийн 40%-иас дээш хувийг эзэлж, нэг тэрбум гаруй AMD-д суурилсан тоглоомын төхөөрөмж дээр суурилан бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
