Алт дахин дээд ханшиндаа хүрэхэд ойртлоо
Алтны зах зээлд 2026 он хүртэл үргэлжлэх өсөлтийн цикл эхлээд байна. Үүнд, институционал болон төв банкнуудын хөрөнгө оруулалтын стратегийн өөрчлөлт гол нөлөө үзүүлж байгаа юм.
Goldman Sachs-ийн судалгаанд хамрагдсан томоохон хөрөнгө оруулалтын сан, банк, даатгалын байгууллага, тэтгэврийн сангуудын 70 хувиас дээш нь алтны ханш ирэх жил өснө гэж үзэж байгаа нь зах зээлийн эерэг хүлээлтийг бататгаж байна.
Судалгаанд хамрагдагсдын:
-
36% нь алтны ханшийг нэг унц нь 2026 оны эцэст $5,000 давна гэж үзэж байгаа бол
-
33% нь $4,500–5,000 орчимд тогтвортой хадгалагдана гэж таамаглажээ.
Харин унана гэж 5 орчим хувь нь үзэж байгаа нь эрсдэлээс илүү өсөлтийн төлөв давамгай байгааг илэрхийлж байна.
2025 онд алтны ханш жилийн дүнгээр 58.6%-иар өсөж, 2025.10.08-нд анх удаа $4,000-ийг давсан нь зах зээл түүхэн шинэ үнийн муруй руу орсныг харуулсан. Одоогоор алт COMEX фьючерс 4,273 долларын түвшинд арилжаалагдаж байгаа нь Fed-ийн бодлогын хүү буурах магадлал нэмэгдэх хүлээлттэй уялдсан богино хугацааны өсөлт давамгайлж байгааг илтгэнэ.
АНУ-ын төсвийн алдагдал дунд хугацаанд 1.7 их триллион долларт хадгалагдаж магадгүй гэж тооцогдож байгаа бол Европын холбооны улсуудын өр ДНБ-ий 90–110%-ийн түвшинд хэлбэлзэж байна. Энэ нь хүүгийн зардал нэмэгдэхэд хүргэж, эцэст нь мөнгөний бодлогыг сулруулна. Тиймээс макро эдийн засгийн эрсдэл дахин сэргэх үед алт нь эдийн засгийн мөчлөгийн эсрэг ажиллах хамгийн зохистой хөрөнгө оруулалт юм.
Хэрвээ Fed 2026 оны эхний хагаст бодлогын хүүгээ бууруулбал алт богино хугацаанд $4,500 түвшинд хүрч болзошгүй бөгөөд геополитикийн асуудлууд тогтворгүй байвал $5,000 хүртэл өсөхөөр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
