ВЕНЕСУЭЛ АНУ-Д 50 САЯ БАРРЕЛ ГАЗРЫН ТОС ӨГНӨ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагийн орой Венесуэлийн түр засгийн газар АНУ-д газрын тос нийлүүлж, уг тосыг борлуулснаас олсон орлогыг Вашингтон өөрөө хянах болно гэж мэдэгдлээ.
Тэрбээр сошиал сүлжээндээ нийтэлсэн мэдэгдэлдээ Каракас АНУ-д “30–50 сая баррель өндөр чанартай, хоригт хамрагдсан газрын тос” шилжүүлэн өгнө хэмээн онцолсон байна. Энэхүү тосыг зах зээлийн үнээр худалдаалж, олсон мөнгийг АНУ-ын Ерөнхийлөгч миний бие хянаж, Венесуэлийн ард иргэд болон АНУ-д ашиг тусаа өгөхөд зориулагдана” гэж Трамп мэдэгдээд, уг төлөвлөгөөг нэн даруй хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Крис Райтэд үүрэг болгосноо дурджээ. Ийм хэлэлцээр хэрэгжвэл Венесуэлийн газрын тос Хятад руу чиглэдэг нийлүүлэлтийг өөрчлөх боломжтой бөгөөд мөн улсын төрийн өмчит газрын тосны компани PDVSA-д олборлолтоо илүү их танахгүй байх нөхцөл бүрдэх юм. Трампын энэхүү мэдэгдэл нь АНУ-ын зэвсэгт хүчин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилснаас хэдхэн хоногийн дараа хийгдэж байгаа бөгөөд тус улсад улс төрийн тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлсэн байна. Мадурогийн дэд ерөнхийлөгч Делси Родригес энэ долоо хоногт түр ерөнхийлөгчөөр тангараг өргөсөн. АНУ-ын тагнуулын байгууллагууд түүнийг Мадурог орлох хамгийн тохиромжтой хүн гэж үзэж байгаа ба Родригес Вашингтонтой хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Трампын хэлснээр, байнгын шинэ удирдагч сонгогдох хүртэл АНУ Венесуэлийг хянах бөгөөд мөн тус улсын хуучирч доройтсон газрын тосны салбарыг удирдана гэжээ.
Энэхүү мэдэгдлийн дараа газрын тосны үнэ буурсан байна. Учир нь АНУ Венесуэлийг хяналтдаа авснаар зах зээлд их хэмжээний түүхий тос нийлүүлж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх магадлалтай юм. Үүний улмаас гуравдугаар сарын Brent төрлийн нефтийн фьючерсийн үнэ 2 хувиар унажээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
