ХасБанк 2025 онд 172.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаа.
Тус банк 2025 оны IV улиралд татварын дараах 47.6 тэрбум төгрөгийн ашиг олж, бүтэн жилийн дүнгээр 172.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
2025 онд зээлийн багц тэлж, түүнтэй уялдан хүүгийн орлого өссөн ч зээлийн хүүгийн зардал нэмэгдсэн, мөн заавал байлгах нөөцийн хэмжээ өссөн нь ашигт ажиллагаанд тодорхой дарамт учруулжээ. Гэсэн хэдий ч эдийн засгийн нөхцөл сайжирч, чанаргүй зээлийн хэмжээ огцом буурсан нь зээлийн эрсдэлийн сангийн зардлыг нэмэгдүүлсэн ч нийт ашигт ажиллагаанд эерэг нөлөө үзүүлсэн байна.
2025 оны IV улирлын байдлаар банкны өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 21.8%, нэгж хувьцаанд ногдох ашиг буюу EPS 164.1 төгрөг байна. Харин хүүгийн орлого 2024 оны эцсийн 709.1 тэрбум төгрөгөөс 2025 оны эцэст 846.5 тэрбум төгрөг болж өсжээ.
ХасБанк ХК-ийн хувьцааны үнэ 2025 оны 12 сарын 31-нд 963.9 төгрөгөөр хаагдсан нь өмнөх оны хаалтаас 16.7%, IPO хийсэн үнээс 42.4%-иар өссөн үзүүлэлт юм.
Мөн 2025 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 18 төгрөг, нийт 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилаад байна. Ингэснээр ХасБанк 2023 онд 42.1 тэрбум, 2024 онд 47.3 тэрбум, 2025 онд 18.9 тэрбум төгрөг, нийтдээ 108.3 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараасан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
