“Түмэн шувуут” ХК ногдол ашиг хуваарилна
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй (MSE:TUM) “Түмэн шувуут” ХК 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн нь хөрөнгө оруулагчдад эерэг дохио боллоо. Тус компани нэг жил завсарласны дараа дахин ногдол ашиг тараахаар болж, цэвэр ашгийнхаа 30%-ийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор тогтсон байна.
ТУЗ-ийн шийдвэрээр нэгж хувьцаанд 21.8 төгрөг, нийт 4.3 тэрбум төгрөгийг ногдол ашиг хуваарилахаар төлөвлөжээ. Энэ нь 2023 онд олгосон 3.4 тэрбум төгрөгөөс өндөр дүн бөгөөд компанийн ашигт ажиллагаа сайжирсныг илтгэх боломжтой. Хэдийгээр 2025 оны жилийн эцсийн тайлан албан ёсоор танилцуулагдаагүй байгаа ч, III улирлын байдлаар борлуулалт 43.1 тэрбум төгрөг, цэвэр ашиг 7.3 тэрбум төгрөг байсан нь өсөлтийн хандлагыг харуулж байв.
Одоогийн байдлаар ногдол ашгийн өгөөж 5.9% байгаа нь зах зээл дээр ногдол ашиг зарласан компаниудын дундажтай харьцуулахад арай доогуур түвшинд тооцогдож байна.
2025 онд компанийн хувьцааны ханш харьцангуй тогтвортой байж, оны эцэст 5%-ийн бууралтаар 367.83 төгрөгт хаагдсан. Гэвч өдрийн дундаж арилжаа 8.4 сая төгрөг байсан нь ТОП-20 индексийн компаниудын дунджаас гурав дахин бага буюу хөрвөх чадвар сул хэвээр байгааг илтгэж байна.
Нөгөө талаас, компанийн зүгээс зах зээлийн идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлсэн нь тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлсэн байх магадлалтай.
Эх сурвалж: Marketinfo.mn
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
