Трампын ультиматум: Ормузын хоолойн хямрал нефтийг $114-т хүргэлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны талд Ормузын хоолойг нээх эсвэл гал зогсоох хэлэлцээр байгуулах 10 хоногийн хугацаа өгөөд байсан бөгөөд уг хугацаа анх Даваа гарагийн 20:00 цагт дуусахаар төлөвлөгдөж байв. Харин тэрээр Ням гарагт сошиал хуудсандаа “Мягмар гарагийн 20:00” хэмээн нийтэлснээр хугацааг 24 цагаар сунгасан байж болзошгүй дохио өгөөд байна.
Трампын зүгээс хэрэв Иран шаардлагыг биелүүлэхгүй бол эрчим хүчний дэд бүтэц, тэр дундаа цахилгаан станц, гүүр зэрэг стратегийн байгууламжуудыг онилон цохилт өгөхийг анхааруулсан нь зах зээлд тодорхойгүй байдлыг нэмэгдүүлэв.
Үүний нөлөөгөөр нефтийн зах зээлд дахин өсөлт ажиглагдаж, түүхий нефтийн үнэ $114.16/баррель хүрч 2.35%-иар нэмэгдлээ. Дайн эхэлснээс хойш дизель, шатахуун, онгоцны түлш зэрэг бүх төрлийн эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага үргэлжилж байна.
Шинжээчдийн тооцооллоор сарын эцэс гэхэд нийт 1 тэрбум баррель орчим нефть болон бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй байгаа бөгөөд үүнээс 600 сая баррель нь түүхий нефть, үлдсэн нь боловсруулсан бүтээгдэхүүн байх төлөвтэй байна. Мөн зургаадугаар сар гэхэд нийлүүлэлтийн алдагдал 630 сая баррельд хүрч болзошгүй гэж үзэж байна.
Нөгөө талаас OPEC+ бүлгийн найман орон тавдугаар сард олборлолтоо өдөрт 206,000 баррелиар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн ч Ормузын хоолой хаалттай хэвээр байгаа нөхцөлд энэ нэмэгдэл нийлүүлэлт зах зээлд бодитоор хүрэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Үүнээс гадна бүс нутгийн дэд бүтцэд учирсан хохирлыг сэргээхэд ихээхэн хугацаа, хөрөнгө шаардагдахыг шинжээчид онцолж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
