WALMART КОМПАНИЙН 2-Р УЛИРЛЫН ТАЙЛАН ЗАРЛАГДЛАА
Өчигдөр Walmart (NYSE:WMT) компанийн 2-р улирлын тайлан зарлагдаж, шинжээчдийн таамаглалыг эвдлээ. Тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашгийг 1.62 ам.доллар гэж таамаглаж байтал 1.77 ам.доллар, борлуулалтын орлогыг 150.81 тэрбум ам.доллар гэж таамаглаж байтал 152.86 тэрбум ам.доллар гэсэн үзүүлэлттэй байлаа.
2-р улиралд өсөж буй инфляц нь хэрэглэгчдийн худалдан авалтад сөргөөр нөлөөлнө гэж хүлээгдэж байсан тул тус компаниас бараа бүтээгдэхүүнээ хямдралтайгаар зарж эхэлсэн. 1-дүгээр улирлын төгсгөлөөр агуулахад үлдсэн бараа 61 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан бол 2-р улирлын төгсгөлөөр 59.92 ам.доллароор үнэлэгдэж байна.
Гэр ахуйн бараа, электрон бараа зэрэг бүтээгдэхүүний борлуулалт тааруу байсан хэдий ч хоол хүнс буюу амин чухал бараа бүтээгдэхүүний борлуулалтад төдийлөн нөлөө үзүүлсэнгүй. Мөн 7-р сарын төгсгөлөөр хүүхдүүд буцаад хичээлдээ орох гэж буйтай холбогдуулан хичээлийн хэрэгслүүд илүү зарагдаж эхэлсэн гэж тус компаниас мэдэгдсэн.
Walmart компани нь өчигдөр өөрсдийн жилийн санхүүгийн тайлангийн таамаглалаа шинэчилсэн. Өмнө нь нэгж хувьцаанд ногдох ашгийг 11-ээс 13 хувиар унана гэсэн хүлээлттэй байсан бол 9-өөс 11 хувь болгон өөрчилсөн. Мөн борлуулалтын орлогыг энэ жилдээ 4 хувиар өснө гэсэн хүлээлттэй байна.
Санхүүгийн тайлан зарлагдсаны дараа тус компанийн хувьцааны ханш 5 хувиар өсөж 139.37 ам.доллар хүрсэн. Салбарын өрсөлдөгч компаниуд болох Target (NYSE:TGT), Costco (NASDAQ:COST), Best Buy (NYSE:BBY) компаниудын хувьцааны ханш мөн адил 1-ээс 3 хувийн хооронд өссөн.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй