Хятадын онлайн худалдааны JD.com Inc-ийн тайлан эерэг гарч хувьцааны ханш 3.4 хувиар өслөө
БНХАУ-ын онлайн худалдааны салбарт Жек Магийн Alibaba Group Holding Ltd /BABA.NYSE/ -ийн гол өрсөлдөгчийн нэг JD.com Inc /JD.NASDAQ/ өчигдөр ээлжит улирлын тайлангаа танилцууллаа. Хоёрдугаар улирлын байдлаар борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар (219.6 тэрбум юань) өсөж 226 тэрбум юань хүрсэн байна.
Түүний өрсөлдөгчидтэйгөө харьцуулахад харьцангуй эерэг дүн ч гэлээ энэ нь орлогын өсөлт хамгийн удаан улиралд тооцогдож байна. Энэ нь Covid-19 цар тахлаас шалтгаалсан БНХАУ-ын эдийн засгийн удаашралаас үүдэлтэй бөгөөд Alibaba болон Tencent зэрэг компаниудын борлуулалт мөн адил тааруу үзүүлэлттэй гараад байсан.
JD.com-ийн борлуулалт хэдий тааруу байсан ч эдийн засгийн удаашралтай үед тус компани маркетинг болон удирдлагын зардлуудаа танаж цэвэр ашгаа сайн тайлагнаж чаджээ. Тус компанийн цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үеэс 742 хувиар (478 сая юань) өсөж 4 тэрбум юань хүрсэн хэмээн тайлагнажээ.
JD.com-ийн хувьцааны ханш өчигдөр биржийн арилжаагаар 3.4 хувиар өсөж хаагдсан бол өнөөдөр Хонгконг дахь 9618.HK тикерээр арилжаалагдаж буй хувьцааны ханш 10 цаг 35 минутын байдлаар 2.4 хувийн өсөлттэй байна.
Сонирхуулахад JD.com нь 2014 онд NASDAQ дээр бүртгэгдсэн бөгөөд NASDAQ-д бүртгэлтэй нийт хувьцааны 5.4 хувийг Walmart Inc /WMT.NYSE/ эзэмшдэг бол Хонгконгод бүртгэлтэй нийт хувьцааны 10.67 хувийг Walmart Inc /WMT.NYSE/, 2.65 хувийг Tencent Holdings Ltd /700.HK/ компани эзэмшдэг. Tencent компани 5 сард ногдол ашиг тараахдаа ногдол ашигийг хувьцаа байдлаар ингэхдээ Tencent-ийн 21 ширхэг хувьцаа тутамд JD.com-ийн 1 ширхэг хувьцааг ногдол ашиг болгон өгч байжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй