БНХАУ 2025 оныг дуустал Монгол Улсаас жил бүр 40-70 сая тонн коксжих нүүрс импортолно
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар өчигдөр Төрийн ордонд уулзаж албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний үр дүнд Монгол Улсаас БНХАУ-д экспортолж буй нүүрсний хэмжээг 2022-2025 оныг дуустал жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцож, энэ хүрээнд нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах саналтай байгааг хэллээ.
Энэ удаагийн уулзалт нь БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны даргын хэмжээнд хийгдэж буй есөн жилийн дараах томоохон айлчлал юм байна.
БНХАУ-ын Гаалийн Ерөнхий Газрын мэдээллээр БНХАУ 2022 оны эхний долдугаар сарын байдлаар нийт 32.16 сая тонн коксжих нүүрс импортлоод байгаа бол Монгол Улс үүний 31.9 хувь буюу 10.26 сая тонн коксжих нүүрсийг нийлүүлээд байна.
БНХАУ нь дотоодын коксих нүүрсний 10 хувьтай тэнцэх хэмжээний импортын квот тогтоодог бөгөөд үүнээсээ шалтгаалж улс орнуудад экспортын квот тогтоож өгдөг.
2020 онд Австралийн нүүрсэнд хориг тавихаас өмнө БНХАУ-ын коксжих нүүрсний импортын дийлэнх хувийг Монгол Улс болон Австрали Улс бүрдүүлдэг байсан. 2019 онд БНХАУ-ын нийт коксжих нүүрсний импортын 45.3 хувийг Монгол Улс, 41.3 хувийг Австрали Улс нийлүүлж байжээ. Харин 2022 оны эхний долоон сарын байдлаар БНХАУ-ын нийт коксжих нүүрсний импортын 32.5 хувийг ОХУ, 31.9 хувийг Монгол Улс нийлүүлээд байна.
Өнөөдөр БНХАУ-д Еэвэнгийн баяр болж байгаатай холбоотой Шанхай, Шеньжень, Хонгконгийн хөрөнгийн биржүүд амарж байгаа тул Монгол Улсын нүүрс экспортлогч Хонгконгод бүртгэлтэй компаниудын хувьцааны ханшид маргааш мэдээллийн нөлөөлөл орно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй