PENTWATER CAPITAL MANAGEMENT КОМПАНИ TURQUOISE HILL RESOURCES-ИЙН ХУВЬ ЭЗЭМШЛЭЭ ЗУЗААТГАЛАА
Өчигдөр Turquoise Hill Resources Ltd /TRQ.NYSE/ компанийн жижиг хөрөнгө оруулагчдын нэг Pentwater Capital Management компани TRQ-ийн 2.5 сая ширхэг хувьцааг нэгжийн үнийг 41.01 канад доллараар нийтдээ 102,525,000 канад доллараар илэрхийлэгдэх хувьцааг худалдан авчээ. Ингэснээр Pentwater TRQ-ийн эзэмшлээ 1.24 хувиар нэмэгдүүлж байгаа юм байна.
Үүгээр ч зогсохгүй есдүгээр сарын 13, 14-ний өдөр 1,726,600 ширхэг хувьцааг худалдан авсан байна. Ингэснээр 15-ны өдрийн худалдан авалтыг оруулаад нийтдээ 4,226,600 ширхэг хувьцааг худалдан авсан бөгөөд энэ нь нийт хувьцааны 2.1 хувийг эзэлж байна. Тус худалдан авалтуудыг оруулж тооцвол TRQ-ийн гаргасан нийт 201,231,446 ширхэг хувьцааны 27,708,256 ширхэг хувьцааг буюу 13.77 хувийг Pentwater эзэмшиж байна.
Pentwater-ийн мэдээлснээр тус худалдан авалт нь цэвэр хөрөнгө оруулалтын зориулалттай хэмээн мэдэгдсэн байна. Гэсэн ч зарим шинжээчийн үзэж буйгаар арваннэгдүгээр сарын 1-ний өдөр болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар Rio-гийн саналыг түтгэлзэхийн тулд Pentwater TRQ-ийн хувь эзэмшлээ нэмэгдүүлэх замаар саналын эрхээ нэмэгдүүлж байх боломжтой байна.
2022 оны есдүгээр сарын 5-ний өдөр TRQ-ийн тусгай хороо Rio-гийн тавьсан 43 канад доллароор үлдсэн 49 хувийг худалдан авах саналыг үнэлгээ талаас эцсийн байдлаар зөвшөөрсөн бөгөөд 2022 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар зарах эсэх талаарх эцсийн шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурал дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн саналаар шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа юм.
TRQ-ийн тусгай хороо жижиг хувьцаа эзэмшигчдийг Rio-ийн тавьсан саналыг зөвшөөрөхийг хүсэж буй бол жижиг хувьцаа эзэмшигчдийн томоохон төлөөлөл Pentwater Capital Management болон Sailingstone Capital Partners нар тухайн саналыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Rio-гийн тавьсан саналаар бол TRQ 8.65 тэрбум канад доллараар үнэлэгдэх бол Pentwater-ийн үзэж байгаагаар компанийн 2030 он хүртэлх мөнгөн урсгал 10.5 тэрбум канад доллар хүрэх төлөвтэй байгаа тул Rio-гийн санал нь TRQ-г маш багаар үнэлж байна хэмээсэн.
Өчигдөр TRQ-ийн арилжааны идэвх сүүлийн 65 өдрийн дунджаас 237 хувиар өндөр буюу нийт 3.66 сая ширхэг хувьцаа арилжаалагдсан бөгөөд биржийн арилжаагаар ханш 30.98 ам.доллар бирж хаагдсаны дараагаар ханш 31.33 ам.доллар хүрж хаагдсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй