Netflix компанийн хувьцааны ханш 14 хувиар өслөө
Өчигдөр Netflix компани нь гуравдугаар улирлын тайлангаа зарлаж, шинжээчдийн таамаглалыг эвдсэн тул хувьцааны ханш нь 14 хувиар өсжээ. Мөн 2.41 сая хэрэглэгч нэмэлтээр бүртгэгдсэн нь улирлын өмнө нь гаргаж байсан таамаглалаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм.
Дараа жилээс тус компани хэрэглэгчдийн нууц үг хуваалцах асуудлыг шийдвэрлэх болно. Энэ нь бусдын нууц үгийг ашиглан Netflix-д нэвтэрч байгаа хүмүүсийг өөрсдөө шинээр хэрэглэгч болгох зорилготой юм. Харин дансаа хуваалцаж байгаа хүмүүст найз нөхөд, гэр бүлийнхнийхээ төлбөрийг төлөх дэд данс үүсгэх боломжийг олгоно.
Мөн арваннэгдүгээр сараас эхлэн 12 оронд хямд үнээр зар сурталчилгаатай Netflix үзэх сонголтыг нэмж өгнө.
Гуравдугаар улирлын санхүүгийн тайлангийн хувьд нэгж хувьцаанд ногдох ашгийг $2.13 гэж таамаглаж байсан нь $3.1, борлуулалтын орлогыг $7.84 тэрбум гэж таамаглаж байсан нь $7.93 тэрбум болж өссөн байна.
Компани "Stranger Things" season дөрөв, "The Gray Man", "Purple Hearts" зэрэг шоу, кинонуудыг гуравдугаар улиралд нэвтрүүлснээр санхүүгийн тайлан сайн гарах бололцоог олгожээ.
Нийт шинээр нэмэгдсэн 2.41 сая хэрэглэгчээс хамгийн их буюу 1.43 сая нь Ази-Номхон далайн бүс нутгаас бүртгэгдсэн. Хамгийн бага хэрэглэгчид буюу зөвхөн 100 мянга нэмэгдсэн бүс нутаг нь АНУ болон Канад улс байлаа.
Тус компанийн санхүү хариуцсан захирал Spencer Neumann мэдэгдэлдээ “Бид хүсэж байсан шигээ хурдтай дэвшиж чадахгүй байгаа ч үзүүлэлтүүдтэйгээ баяртай байна. Гэсэн хэдий ч бид нарт үргэлжлүүлэн хийх их зүйл байна” гэжээ.
Мөн тус компани дараагийн улирлаас эхлэн шинээр нэмэгдэх хэрэглэгчийн тоон үзүүлэлтийн таамаглал гаргахаа болих шийдвэрийг гаргасан. Тэгсэн хэдий ч үргэлжлүүлэн улирал бүрийнхээ санхүүгийн тайлан зарлагдах үед шинээр нэмэгдсэн хэрэглэгчдийн тоог зарлаж байх ажээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй