Snapchat компанийн хувьцааны ханш 25 хувиар уналаа
Өчигдөр Snapchat компани гуравдугаар улирлын тайлангаа зарласны дараа хувьцааны ханш нь бирж хаагдсаны дараах арилжаан дээр 25 хувиар уналаа.
Гуравдугаар улирлын нэгж хувьцаанд ногдож буй ашгийн хүлээлт $0.24 байснаас хавьгүй бага буюу $0.08 байсан нь уналтын шалтгаан боллоо. Хэдий тийм ч, борлуулалтын орлого хүлээгдэж байсан $1.12 тэрбумыг давж $1.13 тэрбум, өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо мөн 358.2 сая гэж таамаглаглаж байснаас өндөр буюу 363 сая байжээ.
Гуравдугаар улирлын борлуулалтын орлогыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад зургаан хувиар өссөн байгаа нь түүхэн үзүүлэлтүүдээс хамгийн муу нь болж байна. 2017 онд анх IPO хийж байснаас хойш үргэлж хоёр оронтой тоогоор борлуулалтын орлого өсөж байсан юм.
Өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчид жилийн 19 хувиар өссөн нь бизнесийн тал дээр бэрхшээл тулгарч байсан ч компанийн эрэлт өндөр хэвээр байгааг харуулж байна. Хэрэглэгч тус бүрийн дундаж орлого (ARPU) 11 хувиар буурч 3.11 ам.доллар болсон байна.
Наймдугаар сард тус компаниас зардлаа танах зорилготойгоор 6000 гаруй ажилтныхаа 20 хувийг ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдсэн.
"Жилийн өмнө бидний анзаарсан хэд хэдэн хүчин зүйл гуравдугаар улиралд манай борлуулалтын орлогын өсөлтийг буурахад нөлөөлсөн хэвээр байлаа. Тухайлбал, платформын бодлогын өөрчлөлт, макро эдийн засгийн байдал, өрсөлдөөн нэмэгдэлт зэрэг юм" хэмээн тус компаниас мэдэгдэлд дурджээ. "Салбар бүрийн сурталчилгаа нийлүүлэгчид маань маркетингийн төсвөө бууруулж байгааг бид олж харж байна. Ялангуяа үйл ажиллагаагаа явуулах орчин өөрчдөгдөж, инфляцийн дарамт нэмэгдэж, хөрөнгийн зардал өсөж байгаа шалтгааны улмаас" хэмээн үргэлжлүүлэн тайлбарлажээ.
Тус компаниас дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайлангийн таамаглал болон төлөвлөгөөг дахин мэдээлэхээс татгалзаж байна. Учир нь эдүгээ өрнөж буй нөхцөл байдал нь таамаглал гаргахад хэцүү болгож байгаа боловч борлуулалтын орлогын өсөлт үргэлжлэн буурах нь лавтай гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй