Google-ийн гүйцэтгэл хүлээлтэд хүрээгүй тул хувьцааны ханш 6.65 хувиар уналаа
Өчигдөр Google-ийн толгой компани болох Alphabet /GOOG.NASDAQ/ компани 2022 оны гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Тайлангийн голлох үзүүлэлтүүдээс харахад борлуулалтын орлого өнгөрсөн улиралд өмнөх оноос зургаан хувиар өсөж цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 26.5 хувиар буурчээ. Өнгөрсөн оны гуравдугаар улиралд энэ өсөлт 41 хувьд хүрч байсан аж. Тайлангийн голлох үзүүлэлтүүд болон шинжээчдийн таамаглалаас дурдвал:
- Нэгж хувьцаанд ногдох ашиг: Тайлангийн үзүүлэлтээр 1.06 ам.доллар, шинжээчдийн таамаглалаар 1.25 ам.доллар
- Борлуулалтын орлого: Тайлангийн үзүүлэлтээр 69.09 тэрбум ам.доллар, шинжээчдийн таамаглалаар 70.58 тэрбум ам.доллар
- Youtube сурталчилгааны орлого: Тайлангийн үзүүлэлтээр 7.07 тэрбум ам.доллар, шинжээчдийн таамаглал 7.42 тэрбум ам.доллар
- Google cloud орлого: Тайлангийн үзүүлэлтээр 6.9 тэрбум ам.доллар, шинжээчдийн таамаглал 6.69 тэрбум ам.доллар
Youtube-ийн борлуулалтын орлогыг шинжээчид гурван хувиар өснө гэж таамаглаж байсан боловч эсрэгээр хоёр хувь буурч 7.07 тэрбум ам.доллар болжээ. Google-ийн удирдлагуудын нэг Philipp Schindler-ийн хэлснээр тайлант улиралд даатгал, зээл, моргейж, крипто валюттай холбоотой зар сурталчилгааны орлого илүү өндөр уналттай байсан байна.
Alphabet-ийн санхүү хариуцсан захирал Ruth Porat-ийн мэдэгдэж байгаагаар тус компанийн ажилчид өмнөх онд 150,028 байсан бол 186,779 болж нэмэгдсэн бөгөөд дөрөвдүгээр улиралд шинээр авах ажилчдын тоогоо эрс бууруулж гуравдугаар улирлын хагастай тэнцэхүйц хэмжээнд л татна гэдгээ мэдэгдсэн.
Тайлангийн үзүүлэлт шинжээчдийн таамаглалыг эвдэж чадаагүйн улмаас тус компанийн хувьцааны ханш бирж хаагдсаны дараах арилжаагаар 6.65 хувиар унасан бөгөөд бусад технологийн компаниудын ханшийг давхар унагалаа. Үүнд Amazon 4.34 хувиар, Meta 4.12 хувиар, Match 2.05 хувиар тус тус унажээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй