Байден газрын тосны компаниудаас шатахууны үнээ бууруулахыг шаардав
ОХУ болон Украины дайны улмаас оны эхнээс газрын тосны нийлүүлэлт буурснаар дэлхийн хэмжээнд үнэ хөөрөгдөж инфляцийг өдөөж байгаа юм.
Тэгвэл өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жое Байден газрын тосны компаниудыг шатахууны үнээ бууруулахыг шаарджээ. Тэрээр, иргэд шатахууны үнийн дарамтыг даах гэж хичээн амьдарч байхад газрын тосны компаниуд өндөр ашигтай ажиллаж байна гэж шүүмжилсэн байна.
Учир нь газрын тосны компаниудын 3 дугаар улирлын цэвэр ашиг өнгөрсөн жилийнхээс өндөр байгаа юм. Тухайлбал, Shell 9.5 тэрбум ам.долларын ашигтай байгаа нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин, Exxon 18.7 тэрбум доллар байгаа нь бараг гурав дахин өндөр байна.
Хэдийгээр даваа гарагт галлон шатахууны үнэ 3.76 ам.доллар буюу зургаан сарын ханш болох 5 ам.доллараас буурсан ч жилийн өмнөхтэй харьцуулахад өндөр хэвээр байна.
Тиймээс газрын тосны компаниуд үнээ бууруулах шаардлагыг биелүүлэхгүй бол өндөр татвар төлөхөөр болж байна. Гэхдээ газрын тосны компаниудад нэмэлт татвар ногдуулах зөвшөөрлийг Конгресс өгнө. Тиймээс 11 сарын 8-нд болох сонгуулийн үр дүн нь энэхүү шийдвэр хэрэгжих эсэхэд нөлөөлөхөөр байна.
Ийнхүү завсрын сонгуулийн өмнө Цагаан ордны зүгээс буюу Ардчилсан намынхан эдийн засгийг сайжруулахаар ажиллаж байгаа ч Бүгд Найрамдах Намын зүгээс тэдний авч буй арга хэмжээ нь эдийн засгийг улам дордуулж байна гэсэн мессежийг олон нийтэд түгээж байгаа юм.
Учир нь Бүгд найрамдах нам нь татварын хэмжээг бага байлгахыг зорьдог бөгөөд сонгуульд ялахын тулд тууштай ажиллаж байна.
Өнгөрсөн сард, Жое Байден стратегийн нөөцөөс 15 сая баррель газрын тосыг эргэлтэд оруулахыг мэдэгдсэнээр энэ онд нийт 165 сая баррелийг хэрэглээд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй