ХНС өнөөдөр бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулна
АНУ-ын инфляцын түвшин хүлээгдэж байснаас өндөр байгаа нь ХНС-гааас бодлогын хүүг удаа дараалан өсгөх гол шалтгаан болж байна. Энэ жилийн гуравдугаар сард бодлогын хүү 0-0.25 хувьтай байсан бол эдүгээ 3.25 хувьтай байна.
Дараагийн бодлогын хүүгийн шийдвэр өнөөдөр зарлагдах ба ХНС-гаас дахин 75 суурь нэгжээр өсгөхөөр хүлээгдэж байна. Шинжээчид энэ удаагийн бодлогын хүүгийн өсөлтийг сүүлийн удаагийн 75 нэгж байх болно гэж таамаглаж байгаа ба арванхоёрдугаар сард 50 нэгжээр, хоёр болон гуравдугаар сард 25 нэгжээр тус тус өсгөхөөр хүлээгдэж байна.
Бодлогын хүүг энэ сард дахин өсгөснөөр эдийн засгийн удаашралт үүснэ гэж зарим шинжээчид үзэж байгаа нь хөрөнгө оруулагчдын арилжааны идэвхийг бууруулах шалтгаан болж байна. Хэрэв ХНС таамаглаж байснаас илүүгээр бодлогын хүүг өсгөвөл хөрөнгийн зах зээлийн уналт улам эрчимжих болно.
ХНС-гийн баримталж буй гол бодлого одоогоор бол инфляцыг хоёр хувь хүргэх юм. Тэгэхдээ аль болох эдийн засгийн өсөлтийг удаашруулж, хямралд оруулахгүй байхыг хичээж байна. Өмнө нь хөдөлмөрийн зах зээлийг илтгэсэн эдийн засгийн үзүүлэлтүүд болох ажилгүйдлийн түвшин, шинээр нэмэгдэж буй ажлын байрны тоон мэдээллүүд нь таамаглаж байснаас сайн үзүүлэлттэй байсан нь төв банкнаас удаа дараалан бодлогын хүүг өсгөхөд нөлөөлсөн юм.
Гэвч бодлогын хүүгийн шийдвэр эдийн засагт бодит нөлөө үзүүлэх хүртэл цаг хугацаа их шаарддаг байтал ХНС хэт хурдан хэт эрчтэй алхмуудыг авч байна гэж зарим шинжээч шүүмжилж буй юм. Сүүлийн хэдэн саруудад эдийн засгийн удаашралт үүсэж байгааг илтгэх зарим шинж тэмдэг илэрч байгаа аж. Тухайлбал, орон сууцны салбар болон автомашины салбар удаашралттай байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй