Өнөөдөр TRQ-ийн хувьцааны шилжүүлэг хийгдэнэ
Канадын Юконы дээд шүүх Turquoise Hill Resources Ltd компанийн үлдсэн 49 хувийг Rio Tinto PLC компанид худалдах түүнтэй холбоотой хувьцаа, бэлэн мөнгөний шилжүүлэг хийхийг зөвшөөрчээ. Юконы дээд шүүх тус зөвшөөрлийг олгосноор тус хэлцэл хууль эрх зүйн талаасаа эцэслэгдэж байгаа юм.
Дээд шүүхээс тус хэлцэлтэй холбоотой шилжүүлгийг өнөөдөр буюу 16-нд хийхийг даалгасан ба өнөөдөр Нью-Йорк болон Канадын хөрөнгийн бирж нээгдсэний дараагаар хөрөнгө оруулагчдын хувьцаа Rio Tinto Plc компани руу шилжиж хөрөнгө оруулагчдын данс руу нэгж хувьцаанд 43 канад доллар эсвэл 32.6 ам.доллар шилжин орно.
Ингэснээр Turqoise Hill Resources Ltd компани тус хоёр биржийн бүртгэлээс хасагдаж Оюу толгой төслийн 34 хувийг Монгол Улс, 66 хувийг Rio Tinto Plc компани эзэмших юм. Өмнө нь Оюу Толгой ХХК-ийн 66 хувийг эзэмшигч Turquoise Hill Resources Ltd компанийн 51 хувийг Rio Tinto Plc компани, үлдсэн 49 хувийг Канад болон Нью-Йоркийн хөрөнгийн биржээр дамжуулан олон нийт эзэмшдэг байсан юм.
Нэг үгээр хэлбэл, Оюу толгой төсөлтэй холбоотой томоохон шийдвэр гаргалтуудад олон нийт оролцдог буюу Монгол Улсын засгийн газар “жийргэвчтэй” ажилладаг байсан бол шилжүүлэг хийгдсэнээр Монгол Улсын засгийн газар дэлхийн уурхайн салбарын аварга Rio Tinto Plc компанитай шууд хамтран ажиллах юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй