ХЯТАДАД ЦАР ТАХЛААС ҮҮДСЭН НАС БАРАЛТ ОГЦОМ НЭМЭГДЛЭЭ
БНХАУ-д өнгөрсөн оны 11 сарын сүүлчээр болсон хөл хориог эсэргүүцсэн жагсаалын дараа эрх баригчдын зүгээс цар тахлын эсрэг гурван жилийн турш хэрэгжүүлсэн хатуу дэглэм болон аялал жуулчлалын хязгаарлалтыг цуцалсан.
Хятад улс өмнө нь цар тахал эхэлснээс хойш ердөө 5,000 гаруй хүн нас барсан гэж мэдээлж байсан нь дэлхийд хамгийн багад тооцогдох үзүүлэлт байсан юм.
Мөн тус улсын эрх баригчид сүүлийн нэг сарын хугацаанд өдөрт тав хүртэлх нас баралт бүртгэгдэж байгаа гэж мэдээлж байсан ч оршуулгын газруудад үүссэн урт дараалал, эмнэлгүүдээс гарч буй ууттай цогцосны тооноос маш их зөрж байв.
Тиймээс ДЭМБ-ийн зүгээс БНХАУ-ыг халдвараар нас барагсдын тоог хэт дарж байна хэмээн шүүмжилсэн бөгөөд үүний дараахан болсон хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссын (ҮЭМХ) дэргэдэх Эмнэлгийн удирдлагын товчооны дарга Жяо Яхуйгийн мэдээлснээр 12 сарын 8-наас 1-р сарын 12-ны хооронд 59,938 хүн ковидоор нас барсан гэж мэдээлжээ.
Эдгээр нас баралтын 5,503 нь ковидийн улмаас амьсгалын замын дутагдалд орж нас барсан бол үлдсэн нь бусад өвчин хавсарсны улмаас нас барсан байна.
Удахгүй тус улсад сар шинийн баярын тохиож хүмүүсийн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэх тул нас баралтын тоо нэмэгдэх магадлал өндөр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй