Netflix онгоцны үйлчлэгчдэдээ 385,000 ам.долларын цалин санал болгож байна
АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлснээр АНУ-д онгоцны үйлчлэгчдийн дундаж цалин жилд 62,000 гаруй ам.доллар байдаг. Тэгвэл Netflix компани Калифорниа мужийн Сан Хосе хотод байрладаг хувийн нисэх компанийн онгоцны үйлчлэгчийн ажилтандаа 385,000 ам.долларын (313,538 фунт) цалин санал болгож байна.
Тус компани өнгөрсөн жил захиалагчдын тоо буурсан гэсэн шалтгаанаар олон зуун ажилтнаа цомхотгосон учраас дээрх зар олны анхаарлыг татжээ. Netflix-ийн зүгээс тухайн ажилтны цалинг тогтоохдоо мэргэжлийн ур чадвар, туршлагад нь үндэслэдэг хэмээсэн байна.
"Sharnger Things", "Monster: The Jeffrey Dahmer Story" зэрэг хит шоунууд нь үзэгчдийг эргүүлэн татахад тусалсан учраас ашиг орлогын хувьд харьцангуй өссөн гэж шинжээчид үзэж байна.
Тодруулбал, Netflix (NASDAQ:NFLX)-ийн хэрэглэгчдийн тоо хүлээлтээс нэмэгдэж хувьцааны ханш нь 5 хувь өсөөд байгаа юм. Гэвч нэгж хувьцаанд ногдох ашгийг 0.59 ам.доллар гэж хүлээж байсан ч 0.12 гарсан нь маш муу үзүүлэлт юм. Орлогын хувьд таамаглаж байснаас үл ялиг илүү буюу 7.85 тэрбум ам.доллар гарсан байна.
Мөн тус компанийн Гүйцэтгэх захирал Рид Хастингс албан тушаал буурч байгаа бол Грег Питерс нь албан тушаал ахиж Тед Сарандосын хамтран гүйцэтгэх захирал, Netflix-ийн удирдах зөвлөлийн гишүүн болжээ. Түүнчлэн тус компани зар сурталчилгааны шинэ бодлогыг эхлүүлсэн бөгөөд нууц үг хуваалцахыг зогсоох арга хэмжээ авч байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй