Форд компани Mustang Mach-E цахилгаан автомашиныхаа үнийг бууруулна
Ford Motor Co компани өөрсдийн үйлдвэрлэдэг Mustang Mach-E цахилгаан автомашины борлуулалтын үнийг 5900 ам.доллар хүртэлх дүнгээр хямдруулахаар болжээ.
Өнгөрсөн долоо хоногт зах зээлийн гол өрсөлдөгч Тесла (NASDAQ:TSLA) дэлхий даяар автомашиныхаа үнийг 20 хүртэлх хувиаар бууруулснаар борлуулалт нэмэгдсэн тухай тайлангаа танилцуулсан билээ.
Харин хөрөнгийн зах зээл дээр эдгээр компанийн хувьцааны ханшийг харвал Фордын хувьцаа 2.9 хувь унаж 12.89 ам.доллар болсон бол Теслагийн хувьцаа 6.3 хувь буурчээ.
Wedbush Securities-ийн шинжээч Dan Ives энэ талаар Твиттер хуудаснаа "Форд болон Женерал Моторс компанийн хувьд Маскийн цахилгаан автомшины эзэнт гүрний эсрэг зах зээл дээр эзлэх хувь хэмжээний төлөөх дайнд татагдан орлоо. Тесла сүүлд үнээ бууруулснаар үйлдвэрлэлийн хүчин чадлаас хоёр дахин их эрэлт үүссэн гэж Маск хэлсэн нь үүний нотолгоой юм. Цахилгаан автомашины үний дайн эхэллээ" гэж бичжээ.
Ингэснээр Форд Mach-E-ийн хувьд 7500 ам.долларын татварын хөнгөлөлт эдлэх өөр нэгэн боломж гарч ирж байгаа бөгөөд үүний тулд уг цахилгаан автомашины жижиглэнгийн борлуулалтын үнэ 55 мянган ам.доллараас хэтрэхгүй байх ёстой юм.
Форд нь энэ онд "Mach-E"-ийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Мехико дахь үйлдвэрийнхээ гарцыг 130 мянган автомашинд хүргэхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдэж байсан юм. Тус үйлдвэр 2022 онд 78 мянган автомашин үйлдвэрлэсэн байна. Хятад дахь үйлдвэрийг оруулж тооцвол "Mach-E"-ийн нийт үйлдвэрлэлийг 2023 оны эцэс гэхэд 270,000 хүргэхээр Форд төлөвлөж буй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй