Snapchat-ын орлогын хүлээлт муу байгаагаас хувьцааны ханш нь унав
Энэ улиралд зар сурталчилгааны эрэлт муу байгаагаас орлого нь 10 орчим хувиар буурах хүлээлттэй байна гэж мэдэгдсэний улмаас Snap Inc компанийн хувьцаа 14 хувиар уналаа.
Компани 4 дүгээр улиралд 1.3 тэрбум ам.долларын орлого олсон нь өмнөх жилийн мөн үетэй ижил байгаа бөгөөд шинжээчдийн таамаглалтай нийцэж байгаа юм. Харин цэвэр алдагдал нь 288 сая ам.доллар хүрсэн нь өмнөх жилийн мөн үед 23 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж байсантай харьцуулахад муу мэдээ байлаа.
Хөрөнгө оруулагчдад хаягласан захидалдаа тэд эдийн засаг суларч, зах зээлийн өрсөлдөөн ширүүссэн болон платформын баримтлах бодлогын өөрчлөлт нь бизнест муугаар нөлөөлсөөр байгааг дурдсан байна.
Apple (NASDAQ:AAPL) компани 2021 онд iPhone хэрэглэгчдийн нууцлалын бодлогын хүрээнд сурталчилгаа нийлүүлэгчдэд зорилтот харилцагчдын мэдээлэл цуглуулах боломжийг хязгаарласан юм.
Гүйцэтгэх захирал Evan Spiegel шинжээчидтэй хийсэн уулзалтын үеэр тус компани зар сурталчилгааны үр ашигт байдлыг нэмэгдүүлж, хэмжих боломжийг нь сайжруулах тал дээр ажиллаж байгаа боловч энэ нь цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардах ажил болохыг дурджээ.
Мягмар гарагийн арилжаагаар Meta компанийн хувьцаа 2 хувь, Alphabet компанийн хувьцаа 1 хувь, Pinterest компанийн хувьцаа 5 хувиар тус тус суларсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй