ОПЕК+ гарцын таналтаа хэвээр үлдээлээ
ОПЕК+ бүлгийн хурал өчигдөр боллоо. Хятадын эрэлт нэмэгдэж байгаа боловч, Оросын нийлүүлэлтийн хэтийн төлөв тодорхойгүй байгааг харгалзан үзэж ОПЕК-ийн одоогийн бодлого буюу олборлолын хязгаараа хэвээр хадгалах шийдвэрт хүрлээ.
Газрын тос экспортлогч орнуудын бүлэг буюу ОПЕК болон ОХУ-ын төлөөлөгчдийн хамтарсан хуралдаан цахим хэлбээрээр зохион байгуулагдаж 30 минут хүрэхгүй хугацаанд өндөрлөжээ.
Сайд нарын хамтарсан хяналтын хороо (JMMC-Joint Ministerial Monitoring Committee) гэж нэрлэгдсэн тус зөвлөлд багтсан сайд нар олборлолтын тоо баримттай танилцаж, "ОПЕК+ тохиролцоогоо 2023 оныг дуустал тууштай хэрэгжүүлэх санал дээр нэгдэж байгаагаа дахин нотоллоо" гэж ОПЕК хурлын дараа хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
ОПЕК+ өнгөрсөн оны 11 дүгээр сард 2023 оныг дуустал өдрийн гарцаа 2 сая баррелиар буюу дэлхийн нийт эрэлтийн 2 хувьтай тэнцэх хэмжээгээр бууруулахаар тохиролцсон юм.
Газрын тосны ханш дэлхийн эдийн засаг удаашрах хүлээлттэй холбоотойгоор шинэ оныг уналттайгаар эхлүүлсэн ч Хятадын эрэлт сэргэх найдвар бий болсноор ханш нь эргэн өсөж эхэлсэн юм.
JMMC-ийн цахим уулзалтын дараа Брент газрын тосны ханш 85 ам.доллар орчимд тогтвортой байлаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй