Жером Пауэлл: Бодлогын хүүг цаашид өсгөх нь зүйтэй гэв
Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Жером Пауэлл Вашингтоны Эдийн засагчдын Клубын уулзалтад оролцож эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, үг хэллээ. Тэрээр инфляц удааширч байгаа ч хөдөлмөрийн зах зээл өндөр идэвхтэй байгаагаас үзэхэд төв банк инфляцыг бууруулах зорилтын хүрээнд хүүг цаашид өсгөх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.
"Ийм өндөр идэвхтэй байна гэж бодоогүй ч хөдөлмөрийн зах зээл ер бусын хүчтэй байгаа нь инфляцтай тэмцэх ажил нэлээд удаан үргэлжлэх процесс юм гэдгийг бидэнд харууллаа" хэмээн тэрбээр Вашингтоны Эдийн засагчдын Клубын уулзалтын үеэр ярьжээ.
"ХНС үр дүнтэй ганц л бодлогын арга хэрэгсэл ашиглаж, аажимдаа инфляцыг хоёр хувьд хүргэхийг хичээж байгаа бөгөөд зорилго маань хараахан биелээгүй гэж бодож байна" хэмээн Пауэлл тодотгожээ. Хөдөлмөрийн зах зээлд нэгдүгээр сард 517 мянган шинэ ажлын байр бүртгэгдсэнийг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.
Penn Mutual Asset Management-ийн Ерөнхий захирал болон Сангийн менежер Zhiwei Ren түүний илтгэлийн талаар "Тэр ямар шинэ зүйл ярьсангүй. Тэр хүүг хүчтэй өсгөх төлөвгүй байгаа ч бууруулах бодолгүй байгаа юм байна" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцаад "Пауэл сүүлийн хэдхэн хуралд үндэслэн хүүг үргэлжлүүлэн өсгөх эсвэл ингээд зогсоох уу гэдгийг шийдэх гэж хичээж байгаа учраас тэр хоёрдсон байна" гэжээ.
"Пауэллын мэдээллийн дараа бид Мөнгөний бодлогын зөвлөлийн 5 дугаар сарын хурлаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэгдүүлж 5.25 хувьд хүргэнэ гэсэн хүлээлт тавьж байна" хэмээн Morgan Stanley тэмдэглэжээ.
Investing.com-ийн хүлээлтийн судалгаагаар тавдугаар сард бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт 38 хувьтай байсан нь өнгөрсөн долоо хоногт 69 хувь болж нэмэгдсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй