Ам.долларын индекс 5 долоо хоногийн дээд түвшинд ойртлоо
Мягмар гарагт АНУ-ын инфляцын статистик зарлагдахтай холбоотойгоор даваа гарагт ам.долларын ханш бусад томоохон валютын эсрэг өсөж 5 долоо хоногийн дээд түвшинд хүрлээ.
Харин Японы банкны шинэ ерөнхийлөгчөөр засгийн газар одоогийн бодлогын тохиргоог дэмжиж буй нэр дэвшигчийг мягмар гарагт томилохоор болсонтой холбогдуулан иений ханш уналаа.
"Энэ сарын эхээр АНУ-ын ажлын байрны мэдээлэл хүлээгдэж байснаас хавьгүй хүчтэй гарсан нь ам.долларын ханшид дэмжлэг болж байгаа бөгөөд ХНС-гаас хүүг өсгөх шаардлагатай тухай тайлбарууд хийж байгаа ч маргаашийн ХҮИ-ийн мэдээ чухал байх болно" хэмээн Токио дахь Barclays-ийн ахлах стратегич асан Шиничиро Кадота өгүүлжээ.
Мичиганы Их Сургуулийн судалгаагаар инфляц 4.2 хувь гарах магадлал өндөр байгаа аж. ХНС-гийн тэргүүн Жером Пауэллийн хэлснээр Мичиганы Их Сургуулийн судалгаа нь төв банкны байнга хардаг хэмжигдэхүүний нэг юм.
Иен, Евро, Стерлинг зэрэг 6 том валюттай харьцуулж тооцдог ам.долларын индекс 0.068% өсөж 103.65 хүрсэн нь өмнөх долоо хоногийн буюу 1 сарын 6-аас хойш хүрсэн хамгийн өндөр цэг 103.96-д дөхөж очоод байна.
Ам.доллар иений эсрэг 0.18 хувь чангарч 131.63 иентэй тэнцээд байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Японы төв банкны удирдах зөвлөлийн гишүүн асан Казуо Уеда төв банкны ерөнхийлөгчөөр томилогдож байгаа аж. Тэрбээр баасан гарагт өгсөн ярилцлагынхаа үеэр төв банк одоогийн зөөлөн бодлогоо хадгалах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байжээ.
Евро 0.06 хувь суларч 1.0669 ам.доллартай тэнцэж буй бол стерлинг 1.2044 ам.доллар дээр арилжигдсан нь 0.12 хувь буурсан дүн юм. Мөн Австрали доллар 0.13 хувь буурч 0.691 ам.доллар, Шинэ Зеланд доллар 0.08 хувь буурч 0.6306 ам.доллар болжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй