Binance USD койныг үнэт цаасаар бүртгэхийг SEC шаарджээ
Binance-ийн стэйблкойн BUSD (Binance USD)-ийн ард байдаг Paxos Trust Company-иас АНУ-ын үнэт цаасны хороо уг койныг үнэт цаас хэлбэрээр бүртгүүлэх, эс бөгөөс платформд арга хэмжээ авах тухай шаардлага хүргүүлсэн гэж мэдээллээ.
Харин компанийн зүгээс Үнэт цаасны хороо нь BUSD-ийг үнэт цаас ангилалд оруулж буйтай санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэж "Шаардлагатай бол шүүхдэлцэхэд бэлэн байна" гэжээ.
Үнэт цаасны хорооны дарга Gary Gensler өмнө нь зарим стэйблкойныг үнэт цаас гэж бүртгэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байсан боловч энэ удаагийнх нь ам.доллартай уягдсан койнууд дээр авч буй анхны арга хэмжээ юм.
Энэ мэдээлэл гар ахаас хэдхэн цагийн өмнө Нью-Йоркийн Санхүүгийн Үйлчилгээний Газар BUSD койныг гаргахаа зогсоохыг Paxos-оос шаардсан тухайгаа хэрэглэгчдэд анхааруулаад байсан юм. Учир нь Binance болон Paxos-ийн хоорондын харилцаанд шийдвэрлэгдээгүй асуудлууд байгаа гэж мэдэгдсэн байна.
Нью-Йоркийн Санхүүгийн Үйлчилгээний Газраас мэдээлснээр Paxos нь "төлөвлөгөөт эрсдэлийн үнэлгээ"-г хийж Binance болон BUSD хэрэглэгчдийн доторх муу этгээдүүдийг зогсоох үүргээ зөрчсөн аж.
Харин Paxos мэдэгдэл хийж Binance USD-ийг гаргахаа зогсоосон бөгөөд койныг 2024 оны хоёрдугаар сар хүртэл дэмжиж, худалдан авна гэдгээ илэрхийлээд байгаа. "Paxos нь үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг үргэлж чухалчилж ирсэн" хэмээн мэдэгдэлдээ дурджээ.
Үнэт Цаасны Хорооноос ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл хийгээгүй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй