АНУ-ын инфляц 7 сар дараалан буурлаа
АНУ-ын хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн сарын инфляц өссөн ч, жилийн инфляц бага зэрэг бууралттай гарлаа.
Хөдөлмөрийн яамнаас зарласан мэдээллээс үзэхэд сарын инфляц 12 дугаар сард 0.1 хувь байсан бол нэгдүгээр сард 0.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь эрчим хүчний салбарын бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой байлаа.
Жилийн инфляц өнгөрсөн 12 дугаар сард 6.5 хувь гарсан бол нэгдүгээр сард бага зэрэг буурч 6.4 хувь болсон байна. Ингэснээр инфляц сүүлийн 7 сар дараалан удаашралтай үр дүн харууллаа. Эдийн засагчдын хувьд инфляц 6.2 хувь гарна гэсэн хүлээлттэй байсан билээ.
ХНС инфляцыг бууруулах зорилтын хүрээнд бараг 0 хувь байсан зээлийн хүүг жил хүрэхгүй хугацаанд 4.5-4.75 хувьд хүргэж огцом нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлд, нэгдүгээр сарын бодлогын зөвлөлийн хурлаар бодлогын хүүг харьцангуй бага буюу 25 суурь нэгжээр нэмэгдүүлсэн ч, хөдөлмөрийн зах зээл идэвх өндөртэй байгаа мэдээ гарсны дараагаар бодлогын хүүг илүү өсгөх шаардлагатай байгааг төв банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдээд байгаа юм.
Эрчим хүчний үнийн өсөлтийг хасаж тооцвол, бараа бүтээгдэхүүний үнэ 1.4 хувиар өссөн байхад үйлчилгээний салбарын инфляц 7.2 хувь хүрч огцом өссөн байгааг Panmure Gordon-гийн ахлах эдийн засагч Simon French онцолжээ. Тэрбээр "Бодлогын зөвлөлийн гишүүд үйлчилгээний салбарын, ялангуяа орон байраар үйлчлэх, цалин хангамжийн бодит цагийн мэдээллийг ХҮИ-ийн хоцрогдсон мэдээлэлтэй харьцуулж харах нь чухал" гэдгийг French тэмдэглэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй