Уоррен Баффет TSMC-ийг орхиж Apple-ийг сонгожээ
Уоррен Баффетын Berkshire Hathaway Inc (NYSE:BRKa) хөрөнгө оруулалтын сан дөрөвдүгээр улиралд Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC болон зарим банкны хувьцаагаа багасгаж, оронд нь Apple Inc-ийн хувь эзэмшлээ нэмэгдүүлжээ.
Тус сан Taiwan Semiconductor Manufacturing Co Ltd (TSMC)-ийн эзэмшиж байсан хувьцаагаа 86.2 хувиар бууруулж 8.29 сая хувьцаатай үлдсэн байна. Гуравхан сарын өмнө Berkshire 4.1 тэрбум ам.доллараар TSMC-ийн хувьцааг худалдан авч байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэ нь хувьцааны өсөлтөд нөлөөлсөн билээ. Энэхүү шинэ мэдээтэй холбоотойгоор АНУ-ын биржийн дараах арилжаагаар TSMC-ийн хувьцаа 4 хувиар суларсан ч энэ жил бараг 32 хувь өсөөд байгаа юм.
Шинжээчдийн тооцоолж байгаагаар Berkshire сан нь хагас дамжуулагч үйлдвэрлэгчийн хувьцааг 68.5 ам.долларын ханшаар худалдан авсан бол буцаан зарсан үнэ нь 74.5 ам.доллар аж.
Үүний зарэгцээ ноён Баффет US Bancorp (NYSE:USB)-ийн хувьцааныхаа 91.4 хувийг, BNY Mellon (NYSE:BK)-ийн хувьцааныхаа 60 хувийг суллаж, ойролцоогоор 5.5 тэрбум ам.доллараар зарсан байна. Мөн Chevron (NYSE:CVX), Activision Blizzard (NASDAQ:ATVI) нарын эзэмшиж байсан хувьцаагаа багасгасан болохыг зохицуулах байгууллагуудад өгсөн тайлангаас харж болохоор байна.
Харин шинээр цөөхөн компанийн хувьцааг худалдан авсны дотор Apple багтаж байгаа бөгөөд нийт 3.2 тэрбум ам.доллараар 20.8 сая ширхэг хувьцааг худалдан авснаар Аpple компанийн 5.8 хувийг эзэмшдэг болжээ.
Аpple-ийн хувьцаа он гарснаас хойш бараг 18 хувь өсөөд байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй