Nvidia-гийн хувьцаа 14 хувь өслөө
Хиймэл оюун ухаан хүчээ авч байгаа энэ үед Nvidia Corp (NASDAQ:NVDA) хамгийн том өсөлтийг үзүүлэхээр байна.
Өсөлт нь удааширч, салбараараа томоохон цомхотгол хийх болсон технологийн салбарт хиймэл оюун ухаан нь хөрөнгө оруулалт татах шинэ найдвар болоод байна. Хөрөнгө оруулагчдын сонирхол эргэн сэргэж байгаа нь Nvidia-гийн сүүлийн улирлын тайлангаас харагдаж, хүлээгдэж байснаас сайн үр дүнтэй байна.
Компани лхагва гарагт энэ улиралд 6.5 тэрбум ам.долларын орлого олохоор хүлээгдэж байгаагаа танилцуулсан нь шинжээчдийн хүлээлт болох 6.33 тэрбум ам.доллараас өндөр дүн юм.
Тодруулбал, тус компанийн 1 сарын 29-нд тасалбар болгосон улирлын орлого нь 6.05 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь мөн л шинжээчдийн хүлээлт болох 6.01 тэрбум ам.долларыг давсан гүйцэтгэл байв. "Сүүлийн 60 хоногт чатбод зэрэг хиймэл оюун ухааны үйлчилгээнд манай чипийг ашиглах нь нэмэгдэж, оргилдоо хүрсэн" хэмээн Гүйцэтгэх захирал Jensen Huang тайлангаа тавих үеэрээ мэдэгдсэн байна.
Компанийн хувьцааны ханш өчигдрийн арилжаагаар 14 хувь өсөж 236.7 ам.долларт хүрчээ. Он гарснаас хойш тус компанийн хувьцаа 60 гаруй хувиар өсөөд байна.
Nvidia нь компьютерийн тоглоомын видео дүрслэлийг илүү нарийвчлалтай харуулах чип үйлдвэрлэж бизнесээ эхлүүлсэн бөгөөд крипто валютын давалгааны үеэр олборлолтод ихээхэн ашиглагдсан нь компанийн орлогыг дэмжсэн бол дараагийн том орлогын эх үүсвэр нь хиймэл оюун ухаан болохоор байна.
Хувьцааных нь ханш өссөнөөр компанийн зах зээлийн үнэлгээ 70 тэрбум гаруй ам.доллараар нэмэгдэж 580 тэрбум ам.долларт хүрсэн нь томоохон өрсөлдөгч Intel-тэй харьцуулахад тав дахин өндөр дүн юм. Ингэснээр АНУ-ын долоо дахь том хувьцаат компани болж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй