Ам.долларын 4 сар дараалсан уналт зогслоо
Мягмар гарагийн арилжааны дүнд ам.долларын ханш томоохон валютуудын эсрэг өслөө. Арилжааны идэвхтэй цагаар 0.22 хувь өсөж 104.88 нэгжид хүрчээ. Ингэснээр сарын хугацаанд 2.7 хувийн өсөлт үзүүлээд байна.
Инфляцын дарамт өндөр хэвээр байгаа тул бодлогын хүү тодорхой хугацаанд өснө гэсэн хүлээлт зах зээлд бий болсноор 2 дугаар сарын туршид ам.доллар бусад валютын эсрэг чангарлаа. Үндсэндээ 9 дүгээр сараас хойш ам.доллар нэг ч удаа өсөлттэйгөөр сарыг дуусгаагүй байсан юм.
1 дүгээр сарын ажил эрхлэлтийн тайлан гэх мэт сүүлийн үеийн статистик тоо баримтууд сайн гарснаар инфляцыг бууруулахын тулд ХНС бодлогын хүүг илүү урт хугацаанд өсгөх магадлалтай гэж шинжээчид харж байгаа юм.
ХНС бодлогын хүүг есдүгээр сард 5.4 хувьд хүргэх магадлалтай нь АНУ-ын хүүгийн фьючерс зах зээлээс харагдаж байгаа бөгөөд одоогоор бодлогын хүү 4.5-4.75 хувийн зорилтот түвшинд байгаа юм.
Харин мягмар гарагт, бодлогын хүүгийн өсөлт нь эдийн засгийн халууныг бууруулж байгааг илтгэх мэдээнүүд гарснаар ам.долларын өсөлтийн боломжийг хязгаарлаж магадгүй байна.
Тухайлбал, АНУ-ын хэрэглэгчдийн итгэлийн индекс хоёрдугаар сард гэнэтийн уналтанд орж, нэгдүгээр сард 106 байсан бол 102.9 болж буурчээ. Ройтерс агентлагийн санал асуулгад оролцсон эдийн засагчид энэ индексийг 108.5 гарна гэж таамаглаж байсан юм.
Мөн АНУ-ын амины орон сууцны үнийн өсөлтийн 12 дугаар сарын мэдээ гарчээ. Тухайн сарын үнийн өсөлт нь 2020 оны дунд үеэс хойших хамгийн бага өсөлт болоод байна. "S&P CoreLogic Case Shiller" орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өссөн байна.
Энэ нөхцөл байдалд ХНС-гийн дараагийн нүүдлийг таамаглахад чухал мэдээ болох ажил эрхлэлтийн тайлан 3 дугаар сарын 10-нд, инфляцын тайлан 3 дугаар сарын 14-нд тус тус танилцуулагдах юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй