Стэйбл койнуудын барьцаа хадгаламжийг шалгахыг банкнуудаас шаарджээ
АНУ-ын банкны салбарын зохицуулах байгууллагуудаас банкнуудад криптовалюттай холбоотой хөрвөх чадварын эрсдэл учрахаас сэргийлж харилцагчдыг хадгаламжийн эх үүсвэрээ баталгаажуулах шаардлагатай болохыг сануулжээ.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Холбооны нөөцийн сан, Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпораци, Валютын Хяналтын Алба хамтарсан мэдэгдэл хийж Банкууд крипто хөрөнгөтэй холбоотой байгууллагуудын байршуулсан хөрөнгийг хянах хүчирхэг хэрэгсэлтэй байх ёстой гэсэн юм. Сүүлийн үед үүсээд байгаа ханшийн савлагааны эрсдэлүүдтэй холбоотойгоор энэхүү мэдэгдлийг хийж буйгаа зохицуулагч байгууллагууд онцолжээ.
Банкны салбарын зохицуулагч байгууллагууд крипто зах зээлийн савлагаатай холбоотойгоор анх удаа хадгаламжийг онцолж байгаа нь энэ юм. Tether, USDCoin зэрэг томоохон стэйбл койнуудын ихэнх нь ардаа хөрөнгөөр баталгаажсан байдаг. Эдгээр баталгааны нэг том хэсэг нь банкны хадгаламж байдаг аж. Өөрөөр хэлбэл, стэйбл койн гаргагчид нь мөнгө татах хүсэлтийг түргэн хугацаанд биелүүлэх боломжтой хадгаламж зэрэг хэрэгслийг барьцаа, баталгаагаар сонгодог байна.
Гэхдээ зохицуулагчид эдгээр нөөцийн тогтвортой байдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэнтэй холбоотойгоор банкнуудыг стэйбл койн гаргагчидтай харилцах харилцаагаа дахин нягтлахад хүргэж болзошгүй юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй