Газрын тосны ханш 2 долоо хоногийн доод түвшинд хүрлээ
АНУ-ын ХНС инфляцыг тогтворжуулахын тулд бодлогын хүүг ихээхэн нэмэгдүүлэх байр суурьтай байгаа нь хямралд хөтөлж, газрын тосны ирээдүйн эрэлтийг бууруулах магадлал нэмэгдэж буйтай холбоотойгоор Пүрэв гарагт газрын тосны ханш 1 хувь гаруйгаар суларч, 2 долоо хоногийн доод түвшинд хүрлээ.
Инфляцыг бууруулах зорилтын хүрээнд АНУ-ын төв банк нь бодлогын хүүг хүчтэй нэмэгдүүлээд буй. Гэхдээ хүү өсөхийн хэрээр хэрэглэгчдийн зээлийн өртөг нэмэгдэж, эдийн засгийг удаашруулах нөлөө үзүүлдэг юм.
Брент газрын тосны фьючерс 1.07 ам.доллар буюу 1.3 хувиар суларч 81.59 ам.доллар болсон нь 2 дугаар сарын 22-ноос хойш хүрсэн хамгийн доод үнэ болов.
Мөн АНУ-ын WTI газрын тосны ханш 0.94 ам.доллар буюу 1.2 хувиар суларч 75.72 ам.доллар болсон нь 2 дугаар сарын 27-ноос хойш хүрсэн хамгийн доод үнэ болжээ.
Газрын тосны зах зээлийн жишиг үнэ болох хоёр бүтээгдэхүүний ханш сүүлийн 3 өдөр дараалан буурч энэ хугацаанд WTI газрын тос 6 хувь, Брент газрын тос 5 хувиар тус тус сулраад байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй