Алтны ханш дахин 2000 ам.доллар хүрэв
Унци алтны үнэ жил орчим хүлээсний эцэст дахин 2000 ам.доллар хүрлээ. Нью-Йоркийн таваарын бирж дээр алтны фьючерс ханш 0.5 хувь буюу 9.3 ам.доллараар өсөж 1,982.8 ам.доллараар хаагдлаа. Энэ өдрийн дээд ханш 2,014.9 ам.доллар байсан нь 2022 оны 3 дугаар сарын 10-наас хойших хамгийн өндөр ханш болж байна.
Спот ханшийн мөн адил хөдөлгөөн харуулсан бөгөөд 1978.76 ам.доллараар хаагдсан боловч арилжааны үеэр дээд тал нь 2,009.84 ам.доллар хүрсэн байна. Энэ нь мөн л сүүлийн нэг жилийн хамгийн өндөр ханш болжээ.
Маргааш Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулна. Энэ нь зах зээлийг тайвшруулах уу, үгүй юү гэдгээс цаашид алтны ханш үргэлжлүүлэн өсөх эсэх нь ихээхэн хамаарах юм.
ХНС-гийн хувьд бодлогын хүүг дахин 25 суурь нэгжээр өсгөж 5 хувьд хүргэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Инфляцыг бууруулах нь төв банкны тэргүүний зорилт байгаа тул цаашид ч бодлогын хүүг өсгөх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлээд байгаа билээ.
Харин зарим хөндлөнгийн шинжээчид банкны салбарын хямралтай холбоотойгоор төв банкийг байр сууриасаа ухарч бодлогын хүүг хэвээр үлдээх, цаашлаад бууруулж магадгүй гэж таамаглаж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй