GM цахилгаан автомашины борлуулалтаар 2-т орлоо
General Motors нэгдүгээр улиралд Chevrolet Bolt-ын сайн борлуулалтын үр дүнд АНУ-ын цахилгаан автомашины зах зээлд өрсөлдөгч Ford-ыг гүйцэж, хоёрдугаарт оржээ.
GM 20,670 цахилгаан автомашин борлуулсан байна. Гэхдээ энэ нь зах зээлийн тэргүүлэгч Tesla-тай харьцуулахад маш бага тоо юм. Энэ оны эхний гурван сард Tesla 161 мянган автомашин борлуулаад байгаа билээ.
Харин Ford энэ хугацаанд дөнгөж 10,866 цахилгаан автомашин борлуулжээ. Компанийн мэдэгдсэнээр Мехико дахь үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сайжруулалттай холбоотойгоор хамгийн их борлуулалттай Mustang Mach-E загварын үйлдвэрлэл түр зогссоноос болсон аж. Нэгдүгээр улиралд Mach-E загварын үйлдвэрлэл 7-н долоо хоног тасалдсан байна.
Түүнчлэн хоёрдугаар сард баттерейнаас гал гарсантай холбоотойгоор F-150 Lightning загварын үйлдвэрлэлийг шалгалтын хугацаанд түр зогсоосон нь мөн нөлөөлсөн байна. Асуудлыг шийдвэрлэж 3 дугаар сарын 13-наас үйлдвэрлэлийг эхлүүлсэн гэж Ford мэдээлжээ.
Гэсэн ч Ford-ын цахилгаан автомашины борлуулалт өнгөрсөн оны нэгдүгээр улирлаас 41 хувь өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй