Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын технологийн компаниудыг Хятадад хөрөнгө оруулалт хийхийг хориглолоо.
Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден компьютерийн чип үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагаа явуулдаг технологийн компаниудыг Хятадад хөрөнгө оруулахыг хориглосон захирамжид гарын үсэг зурав. Үүнд хувийн хөрөнгө оруулалтын сан, венчур капитал, хамтын сан, ногоон хөрөнгө оруулалтын сангууд ч хамрагдаж байгаа юм.
АНУ-ын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх технологийг хөгжүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор баталсан тус захирамжийн хүрээнд хагас дамжуулагч ба микроэлектроник, квант мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны систем гэсэн гурван салбарт Хятадын аж ахуйн нэгжүүдэд АНУ-аас хөрөнгө оруулалтыг хориглох, хязгаарлах эрхийг АНУ-ын Сангийн сайдад олгожээ.
Харин өнөөдөр Хятадын зүгээс уг захирамжийн эсрэг арга хэмжээ авах эрхтэй гэдгээ мэдэгдлээ. Хятадын Худалдааны яамнаас энэ шийдвэр нь аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа, шийдвэр гаргахад нөлөөлж, олон улсын эдийн засаг, худалдааны дэг журмыг алдагдуулж байна гэж мэдэгдээд байна.
Мөн АНУ-ыг шударга өрсөлдөөний зарчмыг хүндэтгэж, улс орнуудын худалдаа, хамтын ажиллагаа, дэлхийн эдийн засгийг сэргэхэд зохиомол саад үүсгэхгүй гэдэгт найдаж байна гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй