Apple-ийн хувьцааны ханш 3.39 хувиар унасан шалтгаан
Өчигдөр Apple Inc компани ээлжит улирлын тайлангаа танилцууллаа. Тайлангийн голлох үзүүлэлтүүд шинжээчдийн таамаглалыг давсан ч дараагийн улиралд борлуулалтын орлого муудаж болзошгүй хэмээн компанийн удирдлагууд мэдэгдсэнээр бирж хаагдсаны дараах арилжаагаар хувьцааны ханш нь 3.39 хувиар унажээ.
Apple компанийн голлох үзүүлэлт, шинжээчдийн таамаглал:
Нэгж хувьцаанд ногдох ашиг:
- 1.46 ам.доллар /тайлан/
- 1.39 ам.доллар /хүлээлт/
Орлого:
- 89.5 тэрбум ам.доллар /тайлан/
- 89.28 тэрбум ам.доллар /хүлээлт/
Шинжээчид ирэх улиралд тус компанийн борлуулалтын орлогыг өмнөх оны мөн үеэс 5 хувийн өсөлттэй буюу 122.98 тэрбум ам.долларт хүрнэ гэж хүлээж байгаа бол тус компанийн санхүү хариуцсан захирал Luca Maestri-ийн хэлснээр борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үетэй ойролцоо эсвэл бага гарч болзошгүй хэмээжээ.
Apple компанийн гүйцэтгэх захирал Tim Cook CNBC-д өгсөн ярилцлагадаа, iPhone 15 гар утасны борлуулалт iPhone 14-тэй харьцуулахад сайн байгааг онцолжээ.
Мөн хамгийн үнэтэй iPhone 15 Pro болон Pro Max гар утаснуудын эрэлт өндөр байгаагаас шалтгаалж нийлүүлэлт саатаж байгааг мэдэгдсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй