Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Хувьцаат компанийн ногдол ашиг хуваарилалтын зохицуулалт

Хувьцаат компанийн ногдол ашиг хуваарилалтын зохицуулалт

Хувьцаат компанийн ногдол ашиг хуваарилалтын зохицуулалт

Хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулиар ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрхийг эдлэхээр хуульчилсан байдаг.

Ийнхүү хувьцаа эзэмшсэнээрээ хөрөнгө оруулагч нь ногдол ашгийн болон ханшийн зөрүүний ашиг хүртэх эрх нь үүсдэг.

Тэгвэл энэхүү нийтлэлээрээ хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг авах эрхийг компаниас хэрэгжүүлэхэд хуулиар хэрхэн зохицуулсныг та бүхэнд тоймлон хүргэж байна. Үүнд:

Ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг хэн, хэзээ гаргах вэ?

  • ХК-ийн хувьд ТУЗ гаргахаар зохицуулсан байдаг. (КТХ-ийн 46.1)
  • Санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. (КТХ-ийн 46.5)
  • Жич: КТХ-нд 2024 оны 5 сард орсон өөрчлөлтөөр ногдол ашиг хуваарилахтай холбоотой журмыг СЗХ батлахаар зохицуулалт орж, тус Хорооны 2026 оны 2 сарын ээлжит хурлаар тус журмыг баталсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн дагуу ХЗДХЯ-нд бүртгүүлж баталгаажихаар хүлээгдэж байна. Тус журам батлагдсанаар хувьцаат компаниуд ногдол ашгийг жилийн эцэс болон хагас жилээр хуваарилах, мөн анх удаа ногдол ашгийг нэмж хувьцаа гарган эзэмшүүлэх буюу үнэт цаасны хэлбэрээр олгох боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг нэвтрүүлсэн байна.

Ногдол ашиг тараах шийдвэрт юу юу тусгах вэ?

  • Шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана. (КТХ-ийн 46.1)
  • Нэрсийн жагсаалт буюу бүртгэлийн өдрийг тухайн шийдвэрт тусгах бөгөөд бүртгэлийн өдрөөр та хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан нөхцөлд ногдол ашиг авах эрх албан ёсоор баталгааждаг.

Ногдол ашгийг мөнгөнөөс өөр зүйлээр тарааж болох уу?

  • Ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилах бөгөөд компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, эсхүл компанийн болон бусад этгээдийн үнэт цаасны хэлбэрээр төлж болно. (КТХ-ийн 46.7)
  • Нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилна. (КТХ-ийн 46.4)

Ногдол ашиг хуваарилахтай холбоотой компанид тавигдах шаардлага?

  • Ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна.
  • Давуу эрхийн хувьцаанд хуваарилах ногдол ашгийг тусгайлан байгуулсан сангаас олгож болно.
  • Компани нь ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэхдээ тараах хугацааг заах бөгөөд уг хугацаандаа багтаж ногдол ашиг төлөөгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэлээр алданги төлөх бөгөөд үүнээс компанид учирсан хохирлыг тухайн компанийн гүйцэтгэх удирдлага нөхөн төлнө.
  • Компани нь дор дурдсан тохиолдолд энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарилна (КТХ-ийн 47.1):
  1. Ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх;
  2. Ногдол ашиг төлсний дараа компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг, түүний татан буулгалтын үнэ зэргийн нийлбэрээс их байх;
  3. Компани нь эргүүлэн худалдаж авах үүрэгтэй үнэт цаасаа бүрэн авсан байх.

 

“Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Ган-Эрдэнэ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.