Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Иран АНУ-ын саналыг хэлэлцэж эхэлсэн ч шууд хэлэлцээнээс татгалзав

Иран АНУ-ын саналыг хэлэлцэж эхэлсэн ч шууд хэлэлцээнээс татгалзав

Иран АНУ-ын саналыг хэлэлцэж эхэлсэн ч шууд хэлэлцээнээс татгалзав

Иран улс АНУ-аас Персийн булангийн бүс дэх дайныг зогсоох зорилготой ирүүлсэн саналыг зуучлагч улсуудын шугамаар хүлээн авч, дотоод түвшинд хэлэлцэж эхэлсэн ч одоогоор Вашингтонтой шууд хэлэлцээ хийх бодолгүй байгаагаа мэдэгдлээ.

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчигийн онцолсноор, зуучлагчдаар дамжсан санал солилцоо нь албан ёсны хэлэлцээ гэсэн үг биш бөгөөд эцсийн шийдвэрийг дээд удирдлагын түвшинд гаргах аж.

Эхний хариу сөрөг өнгө аястай байсан ч Тегеран тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд дайныг зогсоох асуудлаарх байр сууриа өөрчлөх боломжийг нээлттэй үлдээж буй дохио ажиглагдаж байна. Мөн Иран улс аливаа гал зогсоох хэлэлцээрт Ливаныг заавал хамруулах шаардлага тавьж буй талаар бүс нутгийн эх сурвалжууд мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс илгээсэн 15 заалт бүхий саналд Ираны баяжуулсан ураны нөөцийг устгах, ураны баяжуулалтыг бүрэн зогсоох, баллистик пуужингийн хөтөлбөрийг хязгаарлах, мөн бүс нутгийн холбоотнуудын санхүүжилтийг таслах зэрэг шаардлагууд багтсан байна. Цагаан ордон уг саналын дэлгэрэнгүйг нийтэд ил болгоогүй ч, Иран үүнийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд цэргийн ажиллагааг эрчимжүүлэх боломжтойг анхааруулжээ.

Израилын тал Иран ийм нөхцөлийг зөвшөөрөх магадлал бага гэж үзэж байгаа бөгөөд АНУ хэлэлцээний явцад буулт хийх вий гэсэн болгоомжлол илэрхийлсэн байна. Мөн аливаа тохиролцоо нь Израилд урьдчилан сэргийлэх цохилт хийх боломжийг хадгалах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.

Үүний зэрэгцээ бүс нутаг дахь цэргийн ажиллагаа намжих шинжгүй хэвээр байна. АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, Ираны талын цэргийн дэд бүтцэд их хэмжээний хохирол учирч, тэнгисийн цэргийн хүчний ихэнх хэсэг ажиллагаагүй болсон бөгөөд дрон, пуужингийн довтолгооны чадавх 90 гаруй хувиар буурсан гэж мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.