Эрчим хүчний үнийн өсөлт Хятадын эдийн засагт нөлөөлж эхэллээ
Хятадын үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) гурван жил гаруйн дараа анх удаа өсөлтөд шилжиж, дэлхийн эрчим хүчний зах зээлд үүссэн дарамт эдийн засагт нөлөөлж эхэлснийг харууллаа. Гуравдугаар сарын байдлаар PPI өмнөх оны мөн үеэс 0.5%-иар өссөн нь 2022 оны есдүгээр сараас хойших анхны өсөлт болж, удаан үргэлжилсэн бууралтыг зогсоов.
Харин хэрэглээний үнийн индекс (CPI) 1%-ийн өсөлттэй гарч, зах зээлийн хүлээлтээс доогуур үзүүлэлт боллоо. Өмнөх сарын 1.3%-иас буурсан нь дотоод эрэлт сул хэвээр байгааг илтгэж, инфляцын өсөлт хязгаарлагдмал байгааг харуулж байна.
Энэхүү өөрчлөлтийн гол шалтгаан нь дэлхийн нефтийн үнийн огцом өсөлттэй холбоотой. АНУ–Ираны зөрчил хурцдаж, Ормузын хоолойгоор дамжих тээвэрлэлтийн урсгал саатсанаар нийлүүлэлтийн доголдол үүсэж, эрчим хүчний өртөг нэмэгдсэн байна.
Дэлхийн хамгийн том нефть импортлогч Хятад улсын хувьд энэ өсөлтийн шууд нөлөөнд өртөж байгаа ч стратегийн нөөц, нийлүүлэлтийн олон эх үүсвэр нь богино хугацаанд дарамтыг тодорхой хэмжээнд зөөлрүүлж байна. Гэсэн хэдий ч түүхий эдийн өртөг нэмэгдэж буй нь үйлдвэрлэгчдийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж, үйлдвэрлэлийн салбарын нөхцөл байдлыг хүндрүүлэх эрсдэл нэмэгдэж байна.
Шинжээчдийн үнэлгээгээр нефтийн үнэ өндөр түвшинд удаан хадгалагдвал эдийн засгийн өсөлт саарах магадлалтай. Wall Street-ийн зарим тооцооллоор энэ оны өсөлт 4.7% орчимд хүрэх төлөвтэй байгаа ч эрчим хүчний дарамт нэмэгдвэл 4.2% хүртэл буурах эрсдэл бий гэж үзэж байна.
Үүний зэрэгцээ инфляцын дарамт нэмэгдэх нөхцөлд бодлого тодорхойлогчдын хувьд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, тэр дундаа бодлогын хүүг бууруулах боломж хязгаарлагдмал хэвээр байна. Ийнхүү эрчим хүчний зах зээлийн савлагаа Хятадын дотоод үнийн орчинд шууд нөлөөлж, бодлогын орон зайг хумьж эхэлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
